Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар

2015 оны 2 сарын 04

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж буй “Цагаан сар – Таны оролцоо” аяны хүрээнд Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны бөөний төвүүд, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийж байна. Энэ үеэр Ховд аймгийн Ярантын боомтоор импортлогдсон алимнаас дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд Жимсний улаан хачиг илэрчээ. Иймд шавж илэрсэн бүтээгдэхүүнийг худалдаалж байсан газарт нь ариутгал шавжгүйтгэл хийлгэн, алимыг хурааж битүүмжлэн, устгахаар болжээ.

Жимсний улаан хачиг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй, хөнөөлт шавж бөгөөд энгийн нүдээр бараг харагддаггүй аж. Уг хачиг нь алимны ишний хонхор хэсэгт байрладаг тул сайтар шалгаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал болгоомжлох, чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаа, гудамж талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

2015.02.02

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянбогд багийн Хөх хад гэдэг газар нутаглаж байгаа малчин Н-ын хонь өвчний шинж тэмдэгтэйгээр хорогджээ. Сумын МЭҮТ, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар үхсэн хониноос дээж авч аймгийн ХХААГ-ын МЭАЦЛ-т шинжлүүлэхэд нэгдүгээр сарын 30-ны өдрийн шинжилгээгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон бөгөөд тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Мөн Цээл сумын Дэрстэй багийн төвд багийн дарга Б-ын нохой галзуурсан нь шинжилгээгээр тогтоогдсон тул Цээл сумын Засаг даргын нэгдүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.

 

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар

2015.02.02

Баянхонгор аймгийн төвд иргэд чулуу, шлам оруулж ирэн химийн хорт бодис болох мөнгөн усаар угаах явдал гарсаар байна. Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр иргэн Т нь гэртээ мөнгөн ус ашиглан шлам угааж байсан нь илэрч Цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Иймд иргэд, та бүхний дэргэд химийн аюултай бодис мөнгөн усны аюул байсаар байгаа тул чулуу бутлах болон мөнгөн ус ашиглаж байж магадгүй талаарх мэдээллийг 70440000 утсанд хандаж өгөхийг зөвлөжээ. 

Тус аймагт 2013 онд мөнгөн ус ашиглан чулуу бутлан угааж байсан иргэн З, Б, О нар шүүхээр ял шийтгүүлсэн байна.

 

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар

2015.01.30

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнийг сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Ажил олгогч эздийн холбоо, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс болон Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулав. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөлгөөнд оролцсон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг, “Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

 

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар

2015.01.28

Тэшиг сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Тэнгисбаяр” ХХК-ийн мод бэлтгэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “Тэнгисбаяр” ХХК нь ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн зөрчил илэрчээ. Зөрчлийг арилгуулахаар тус компанийн үйл ажиллагааг нь улсын байцаагчийн актаар зогсоож, Тэшиг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар нөхөн төлбөр ногдуулж шийтгэврийн арга хэмжээ авахуулав.

 

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар

2015.01.23

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Аймгийн Цагдаагийн газар, Баяндалай сумын ЗДТГ-тай хамтран энэ оны нэгдүгээр сарын 20-22-нд Баяндалай сумын Төхөм багийн "Дэвсэг", "Цагаан чулуут", "Далай хайлааст", "Улаан толгой", "Хувын булаг", Сэврэй сумын Хоолт багийн "Хул морьт", "Хүрэн овоо", "Наран туул" зэрэг газруудад хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын явцад Сэврэй сумын Хоолт багийн "Хүрэн овоо" хэмээх тусгай хамгаалалттай газарт Баянхонгор, Булган, Дундговь, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын 25 автомашин бүхий 100 гаруй иргэд цуглараад байсныг тарааж, тухайн ухсан газрыг иргэдээр гар аргаар нөхөн сэргээлт хийлгүүлэн 3 орчим га газрын хогийг цэвэрлүүлэв. Тус газарт иргэд газрын гүний усыг их хэмжээгээр гаргаж 2 орчим га газарт ухсан нүх нь усаар дүүрч мөстсөн байжээ. Энэ нь цаг агаар дулаарч байгааүед мал, амьтан унаж эрсдэх аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна.

 

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ онд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албатай хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, Жаргалант сумын агаарын бохирдолтын байдалд хамтарсан шинжилгээтэй хяналт нэгдүгээр сарын 09-13-ны өдрүүдэд хийжээ.Жаргалант сумын төвийг таван бүсчлэлд хуваан Талын хашаа, Арван мянгат, Ховд ЦТС, Бадамлах дөл, Зүүн хаалга орчмын агаараас хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос гэсэн үзүүлэлтээр шинжилгээ хийсэн байна.

 

Шинжилгээгээр агаар дахь хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хэмжээ нь стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна. Харин агаар дахь том ширхэгт тоосонцорын РМ 10 хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 5,2-11 дахин их гарчээ.

- See more at: http://zasag.mn/m/inspection/view/8597#sthash.TQEINEA0.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17103
0 эможи
keyboard_arrow_up