Хөдөө орон нутагт өвөлжилт хэвийн байна

ХХААЯ-наас бүх аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлагуудтай холбогдож өвөлжилтийн байдалтай танилцсан байна. Малын зүй бусын хорогдолгүй, зам даваа хаагдаагүй, өвс, тэжээлийн нөөцтэй өвөлжилт хэвийн байгааг аймгуудаас мэдэгджээ.
Аймаг, сумдад 28.5 мянган тн өвс, 4.2 мянган тн тэжээл бэлтгэснээс одоогийн байдлаар 112.5 тн өвс буюу 0.4 хувь, 196.2 тн тэжээл буюу 4.6 хувь нь зарцуулагдсан бөгөөд ихэнх аймгийн нөөц хэвээр байгаа гэнэ. Харин Цаг уур орчны шинжилгээний газраас нийт малчид, иргэдэд энэ сарын 3-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар секундэд 12-14 метр, 6-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг анхаарууллаа.









