Малын анхны арилжаа Баянхонгор аймагт хийгдлээ

2014 оны 11 сарын 12

Баянхонгор аймагт мал арилжих анхны туршилт амжилттай боллоо. ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн бирж (ХААБ)-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямдагва, мэргэжилтэн Н.Бямбасүрэн, ТУЗ-ийн гишүүн С.Оюунгэрэл зэрэг 13 хүний бүрэлдэхүүнтэй баг Баянхонгор аймагт малын анхны арилжаа хийлээ. Тус аймгийн Бууцагаан суманд хамгийн анхны жишиг дундын хоршоо байгуулсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн төвийг нь Улаанбаатар дахь ХААБ-ийн төв сервертэй холбожээ. Ингэснээр орон нутгаас анх удаа брокерийн пүүсээр дамжуулан онлайнаар малын арилжаа хийсэн. Арилжааг 11.00-12.00 цагийн хооронд явууллаа. Таван минут тутамд үнэ тогтдог гэж үзвэл худалдагч, худалдан авагч нар нэг цагт 12 удаа захиалгаа өөрчлөх боломжтой юм байна. Малчид 1000 орчим малаа брокероор дамжуулан арилжихаар ирсэн гэнэ. Малчид худалдан авагчдын хувьд анх удаа арилжаанд оролцож байгаа тул туршлага дутаж, хэт өндөр, эсвэл бага үнэ хэлж байлаа. Зарах 15, авах 13 захиалга ирснээс Улаанбаатараас ес, тоо толгойгоор нь авч үзвэл худалдах 1333, авах 2355 малын санал ирсэн юм. Энэ үер ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Өмнө нь 403 тэрбум төгрөг зүгээр л ченжүүдийн халаасанд, банк, санхүүгийн системд бүртгэлгүй байсан. Гэтэл биржээр дамжуулан арилжсанаар улсад 90 орчим сая төгрөгийн татвар төлөөд байна. Энэ мэтчилэн ХААБ нь макро эдийн засагт чухал ач холбогдолтой. Ноолуурын үнэ ч тогтворжсон 2013 онд биржээр арилжсан үнийн савлагааг 2012 оныхтой харьцуулахад 33 мянга болж хямдарсан байсан. Энэ онд кг ноолуур доод тал нь 51, дээд тал нь 71 мянган төгрөгт хүрсэн” Цаашлаад ХААБ-ийг Таваарын бирж болгоход хуулийн зохицуулалт ч хийж байгаа. Тухайлбал, Биржээр арилжсан бараа бүтээгдэхүүнийг экспортлохоор болбол гааль дээр биржийн тодорхойлолтыг үндэслэнэ. Энэ нь эдийн засгийн чухал хөшүүрэг гэж үзэж байна. “Зохицуулалттай, зохицуулалтгүй биржээр аандаа дамждаг болно. Түүний гол суурь нь стандарт. Тээвэр ложистик, хадгалалт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг иж бүрнээр нь шийдэх нь л чухал. Тэгвэл аливаа бараа бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан худалдаж авсан нь амар юм байна, тэр нь илүү найдвартай гэдгийг хүмүүс ойлгоно. Айл айлын хот хэсэж, ноолуур цуглуулж явснаас нэг брокерийн компанид захиалга өгчихсөн нь амар шүү дээ” гэлээ. Биржийн гол үүрэг нь бараа бүтээгдэхүүний үнийг барих, эсвэл, хөөрөгдөх үүрэггүй ч хүссэн хүсээгүй бодит үнэ тогтдог. ХААБ ноос, ноолуур түүхий эд арилжаад хоёр жил болсон. 2013 онд л гэхэл 403.6 тэрбум төгрөгийн арилжаа хийсний ихэнх нь ноолуур. Энэ онд 530-аад тэрбум төгрөгийн арилжаа хийлээ. Багахан хувийг нь тэмээ, хонины ноос, тосны ургамлаас бүрдүүлжээ. Биржээр дамжуулж ноолуур арилжсанаар Монгол Улс жилдээ хэчнээн тонн ноолуур бэлтгэдэг, түүний хэчнээн хувийг дотооддоо, хэчнээнийг нь гадаадад экспортолж байгаа нь нээлттэй, ил тод болсон гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо. ХААБ-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат “Хувь хүн ченжтэй тохиролцоод арилжаа хийсэн тохиолдолд аль нэг нь гэрээгээ цуцлах эрхтэй ч нэг тал нь заавал хохирдог. Үүнийг зохион байгуулалтад оруулахаар энэ асуудал байхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, биржээр дамжуулан арилжаа хийсэн тохиолдолд гэрээгээ зөрчсөн тал нь нөгөө талаа заавал хохиролгүй болгож өгнө. Жишээ нь, Баянхонгороос мал авчихаад Улаанбаатарт ачаад очихоор нь авахгүй гэдэг асуудал элбэг. Тэгвэл худалдагч талаас гаргасан бүх зардал, томилолтыг нь худалдагч гаргаж өгөх ёстойг Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулиар зохицуулсан. Үүнийг л зохион байгуулалттай зах зээл гэж нэрлээд байгаа хэрэг. Баянхонгор аймагт жилдээ 50 мянган малыг зах зээлийн эргэлтэд оруулах боломжтой гэсэн судалгааг ХААБ гаргажээ. “Тус аймаг 20 сумтай. Нэг суманд 500-600 малчин өрх амьдардаг. Хамгийн багаар бодоход хонгорчууд биржээр дамжуулан 365 хоногт 50 тэрбум төгрөгийн малын арилжаа хийнэ. Малын гаралтай ноос, ноолуур, түүхий эд, арьс шир гээд жилд 120-140 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр байна. Брокерийн компани л гэхэд жилд зөвхөн малын арилжаанаас нэг тэрбум төгрөгийн ашиг олох боломжтой. Энд маш том зах зээл байна” гэж ярьсан юм. Aнхны арилжаа хийнсэн Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын IV багийн малчин Р.Сангидорж “Малын арилжаа болно гэж дуулаад 80 хоньтой ирлээ. Бүгдийг нь зарна шимтгэж 200 гаруй км-ээс ачиж авчирсан юм. Гэтэл өнөөдөр 12-ыг нь л зарлаа. Ханш тогтож чадахгүй байна. Алсдаа сумдад ийм арилжаа явдаг болчихвол бидэнд дөхөм болно. Учир нь долоо хоногийн дараа арилжаа явуулна гэж байна. Тэр болтол хүлээх боломжгүй. Цагийн хувьд ч богинохон байна. Холоос ирчихээд нэг цагт бүх малаа зарна гэдэг бүтэшгүй. Доод тал нь хоёр цаг болгож сунгамаар байна. Манай суманд л гэхэд 3000 орчим мал зарагдахаар хүлээлттэй байна. Тиймээс ХААБ-тэй холбогдож, мал арилжих үнийн санал, тоог тодорхой болгож, хэлцэл хийсний дараа малаа авчрах хэрэгтэй гэх зэрэг зохицуулалт хэрэгтэй байна. Уг нь Улаанбаатар болон Баянхонгор аймгийн ханш харж байгаад арилжаа хийсэн болохоор амар л байна” гэж хэлэв. Биржийн давуу тал, хамгийн гол амин сүнс нь стандарт байдаг аж. Тухайлбал, бүдүүн эр хонь 50, эм хонь 40 кг-аас бага жинтэй байж болохгүй. Түүнээс бага бол туранхай, стандарт хангахгүй гэж үздэг. Энэ мэтчилэн биржээр дамжуулан арилжаа хийх нь ченж нарын гараар дамжсан үнэтэй, чанарын шаардлага хангасан, эсэх нь тодорхойгүй мах хүнсэндээ хэрэглэхгүй, хүнсний аюулгүй байдал баталгаажиж, үнэ тогтворжин, цаашлаад малын хулгай буурах боломжтой гэнэ.Гарал үүслийн бичигг үй малыг биржээр дамжуулан зарах боломжгүй, хэн ч авахгүй болчихвол малын хулгай аяндаа буурах нь цаг хугацааны асуудал ажээ. Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг брокерийн 32 компани байдгийн 16 нь орон нутагт байдаг аж. Өөрөөр хэлбэл, 16 аймаг брокерийн пүүстэй. Түүгээр дамжуулан энэ онд 21 аймгийг ХААБ-ийн төв сүлжээтэй холбож, мал арилжихаар төлөвлөжээ. Дараа жилээс 330 сумыг холбох гэнэ. Сумдыг заавал брокерийн компанитай байна гэсэн шаардлага тавихгүй. Хоршоотой, интернэттэй, малын хашаа, жинтэй байхад л ХААБийн нэгдсэн системд холбуулах боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11912
0 эможи
keyboard_arrow_up