Баян-Өлгий аймаг Оношилгооны төвтэй болов
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт долоон багцын 15 тоног төхөөрөмжтэй оношилгооны төв үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ.
Тус төвд компьютер томографи, дурангийн тоног төхөөрөмж, суурин дижитал ЭХО аппарат, тархины доплерографи, шүд, нүд, чих, хамар хоолойн тоног төхөөрөмж, лабораторийн тоног төхөөрөмж, рентген зургийн тоног төхөөрөмжийг суурилуулаад байна. Нийт нэг тэрбум 534,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Оношилгоо эмчилгээний төв”-д суурилуулсан Компьютер томографи аппаратын өрөөний засвар, оношилгооны үйл ажиллагааны явц, эмч, өвчтөний санал сэтгэгдлийг 11 аймагт шууд танилцуулж байв. Нийслэл хотоос 2000 км алслагдсан тус аймагт “Оношилгоо, эмчилгээний төв” байгуулсан нь иргэд, үйлчлүүлэгчдийн өвчин, эмгэгийг эрт илрүүлэх, эмчлэн эдгэрүүлэх боломжийг олгож байгаа юм. Мөн иргэдийн Улаанбаатар хотод ирж оношилгоо, эмчилгээ хийлгэх зардлыг хэмнэж байгаагаар иргэдийн санал хүсэлтэд нийцсэн арга хэмжээ боллоо гэж аймгийн удирдлага, эмч мэргэжилтэн, ард иргэд талархаж байв.
Нээлтийн үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, ИТХ-ийн дарга Б.Лазатхан, Засаг даргын тамгын газрын дарга Т.Манкей, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бейсен болон иргэдийн төлөөлөгчид оролцов.