Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс хойшх хуралдаанаар Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар баталлаа.Үүний дараа Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан.
“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг 1993 онд баталснаас хойш есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулжээ. 2013 он гэхэд Монгол Улсын хүн амын дийлэнх хэсэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, 90 хувьд хүрсэн байна.
Харин сүүлийн үед эдгээр даатгуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах шаардлага бий болсон байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдлээс төдийлөн хамгаалагддаггүй, оношилгоо, шинжилгээ хийлгэх, хөнгөлөлттэй үнээр эм авах үйлчилгээ даатгалын тусламж, үйлчилгээний багцад оновчтой бус байгаагаас даатгуулагчийн өөрөөс төлөх төлбөр нэмэгдэж, ядууралд өртөх эрсдэлд хүргэж байна хэмээн хууль санаачлагчид үзсэн байна. Тиймээс эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцын нэр төрлийг өргөжүүлж даатгалын зардлын хамралтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага чиг үүргээ бүрэн гүйцэтгэхийн тулд бие даасан байдал нь хангагдаж сангийн удирдлага, менежментийн үндсэн чиг үүрэг шимтгэл цуглуулж, хөрөнгө төвлөрүүлэхээс гадна төвлөрүүлсэн хөрөнгөөр даатгуулагчдад чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэдний нэрийн өмнөөс үр ашигтай худалдан авах шаардлагатай хэмээн сайд С.Эрдэнэ танилцуулгадаа дурдсан.
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих замаар стратегийн идэвхитэй худалдан авалт хийх чадавхгүй байгааг өөрчлөх нь зүйтэй гэж тэрбээр хэллээ. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийг бэхжүүлэн, эрх үүргийг нь нэмэгдүүлж, даатгалын харилцаанд оролцогч талуудын хамтын удирдлагын зарчмын дагуу эрүүл мэндийн нийгмийн даатгалын бодлогын болон удирдлагын асуудлуудыг шийдвэрлэж байх Үндэсний зөвлөл болгон хөгжүүлэх нь чухал байгаа талаар сайдын танилцуулгад дурдагдаж байлаа. Өөрөөр хэлбэл Үндэсний зөвлөлийг эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хувьд удирдах дээд байгууллага болгон хөгжүүлэх шаардлага бий болсон байна.
Эдгээр нөхцөл шаардлагад үндэслэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан.
Хуулийн төслийн болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал хуулийн төсөлд тусгагдсан эсэх, албан журмын даатгалд даатгуулагчийн гэр бүл, үр хүүхэд үүнд хамаарах үгүйг лавласан. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар өндөр өртөгтэй зарим төрлийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн хэрэгслийн зардлын талаар хуулийн төсөлд тусгагдсан аж. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хамрагдах иргэдийн талаар судалгаа хийж үзэхэд 56 мянган даатгуулагч хамрагдан, даатгалын сангаас 51.9 тэрбум төгрөг төлөгдөх тооцоо гарсан юм байна.
Даатгуулагч эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй тохиолдолд гэр бүлийн гишүүн эрүүл мэндийн үйлчилгээ авах талаар хуулийн төсөлд тусгасан хэмээн сайд С.Эрдэнэ тодруулан хариулсан.
Мөн эмч, эмнэлгийн байгууллагаа даатгуулагч өөрөө сонгон үйлчлүүлэхээр төсөлд тусгасан нь эмнэлгийн байгууллагын, тэр дундаа өрхийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах гол хөшүүрэг болно. Өрхийн эмчилгээг даатгалд хамруулахаар мөн тусгасан нь эмнэлэгт хэвтэх явдлыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байгаахэмээн ажлын хэсгийн гишүүд нэмж хэлсэн.
Гишүүд асуултдаа хариулт авсны дараа саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Чуулганы хуралдааны төгсгөлд Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар танилцуулснаар хуралдаан өндөрлөлөө. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.