ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2014 оны 10 сарын 09

2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагийн байдлаар: 

Монгол улсад:  Дорнод аймагт гарсан боомын онош батлагдлаа 

Дорнод аймгийн Хэрлэн суманд 2 хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол гарсан. Энэ дагуу мэргэжлийн байгууллагаас тархвар судлал болон лабораторийн шинжилгээ хийхэд үхрээс халдвар авч өвчилсөн болох нь батлагдаж, ”Боомын арьсны хэлбэр”-ээр өвчилсөн нь тогтоогдсон байна. Иймд малчин иргэд гэнэт мал үхвэл малын эмчид яаралтай хандаж, шалтгааныг тогтоолгох, үхсэн мал амьтантай харьцахгүй байх, шаардлага гарвал бээлий өмсөх, үхсэн болон өвчилсөн малтай харьцсаны дараа халуурах, толгой өвдөх, хар тав бүхий шарх гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. 

  Эх сурвалж:   ЗӨСҮТ 

 Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг шалгаж байна 

Өвчтөн “Д” 44 настай, эрэгтэй. Тэрээр 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 6 тарвага агнаж, махыг нь чанаж иджээ. Өвчтөнөөс цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Урьдчилсан онош тарваган тахлын булчирхайн хэлбэр байж болзошгүй гэж гарчээ. Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын 40 хүнийг илрүүлж, эрүүл мэндийг хянаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорионы дэглэм тогтоож, 5 газарт пост ажиллуулж байна. 

  Эх сурвалж:  ЗӨСҮТ 

  Дэлхий дахинд: 

 Эбола вируст халдвараас иргэд болон эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна 

  Иргэдэд сэрэмжлүүлэх нь: 

2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Африкийн улс орнууд болох Гвиней, Либери, Сьерре-Леон, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Конго Улсад тархаад байсан Эбола вируст халдвар АНУ болон Испани улсад бүртгэгдсэн байна. Иймд улс орон дамжин шинээр бүртгэгдэж байгаа вирусээр дамжих халдварт өвчнөөс иргэд хэрхэн сэргийлэх талаар дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:  Энэ вируст халдвар дэлхийн аль ч улс оронд тархах магадлал өндөр болсон тул шинээр бүртгэгдэж буй вирусээр дамжих халдварт өвчин бүртгэгдэж байгаа бүс нутагт аль болох зорчихгүй байх;  Өвчин бүртгэгдсэн улс оронд зорчиж ирсний дараа халуурах, толгой өвдөх, ядрах суулгах, бөөлжих, цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандах хэрэгтэй. 

  Эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад сэрэмжлүүлэх нь: 

Одоогийн байдлаар Эбола вируст халдвараар 300 гаруй эмч, эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байна. Иймд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өвчний сэжигтэй тохиолдолтой харьцахдаа өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс маск /N95/, бээлий, нүдний шил зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг өмсөж хэвших, сургалтад хамрагдах, өвчний өнөөгийн байдлын талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хуудас болон олон улсын байгууллагын цахим хуудаснаас авч байхыг зөвлөж байна. 

  Шуурхай удирдлагын төв 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9920
0 эможи
keyboard_arrow_up