Эрүүл мэндийн сайд Н.Удвал харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа

2014 оны 10 сарын 09

Эрүүл мэндийн яаманд болсон уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэхийн тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцсэн.

Эрүүл мэндийн сайд үг хэлэхдээ ”Бид аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн чухлыг олон нийтэд сайн мэдээлэх хэрэгтэй байна. Өвдсөн, хорт хавдрын шатанд очсон хойноо эмнэлэгт хандах байдлыг өөрчлөх нь чухал. Гемодиализийн аппаратын хүрэлцээ, хангамжийн талаар ярих нь зүйтэй ч нөгөө талдаа бөөр хамгаалах хөтөлбөрөө эрчимжүүлэх, өртөг зардал багатай, эмчилгээний үр дүн сайтай аргыг нэвтрүүлэх шаардлага гарч байгааг хэллээ. Иргэдийнхээ гэрээр эмчлүүлэх боломжтой ч заавал эмнэлэгт хэвтэх гээд байдаг ойлголтыг өөрчилье. Зөвхөн шаардлагатай хүнээ л хэвтүүлэн эмчилж байя. Энэ тал дээр ч та бүхнийг анхаарч ажиллахыг хүсэж байна. Бид ирэх оноос концессийн гэрээгээр орчин үеийн шаардлага хангасан эмнэлгийн шарил хадгалах байр, урт хугацааны асаргаа сувилгааны төв, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр барихаар төлөвлөсөн. Мөн ирэх онд орон нутаг хөрөнгө оруулалт, төсвөө захиран зарцуулах болж байгаа. Ингэснээр сургууль, цэцэрлэг барих, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах автомашинаа хэрхэн авах зэргээ орон нутаг өөрсдөө шийдэх болж байна. Харин ЭМЯ эм, тоног төхөөрөмжийн төвлөрсөн худалдан авалтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхээр болсон” гэлээ.

 Сайд харьяа эмнэлгийн дарга нарт хүлээгдэл, чирэгдэлийг бууруулах, өөрийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах, сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг хэвшүүлэх чиглэлээр ямар ажил хэрэгжүүлж үр дүнд хүрсэнээ ирэх долоо хоногт танилцуулах үүрэг өглөө.

 Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдлагууд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл, шаардлагагүй хэвтэлтийг бууруулах, гемодиализийн тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулах, эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар товч мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 315 хүн гемодиализийн аппаратанд ордог. Үүний 246 нь хотод байна. Суурилуулж байгаа болон засвар үйлчилгээ шаардлагатай байгаа гемодиализийн аппаратуудыг бүрэн ашиглалтад оруулснаар ачаалал буурч хэвийн хэмжээнд хүрнэ гэдгийг дуулгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9919
0 эможи
keyboard_arrow_up