Харааны сулралтай хүүхдийн тоо нэмэгдэж байгаа
“Олон улсын хараа хамгаалах өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн яамнаа боллоо.
Хуралд Эрүүл мэндийн яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөлөл оролцлоо.
Дэлхий дээр ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай байна. Бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж болох сохрол, хараа муудалт байдаг. Дэлхий даяар хараа алдалтын үндсэн шалтгаан катаракт боловч засагдаагүй рефракцийн гажиг сул харааны гол шалтгаан болж байна. Иймд хүн амын дунд ДЭМБ-аас гаргасан “VISION2020” зайлсхийж болох сохролтой тэмцэх уриалгыг бүх нийтэд гаргасан.
Манай Монгол улсын хувьд 2013 оны тоон мэдээллээр харааны бэрхшээлтэй 14 800 гаруй хүн байгаагаас 5 хүртлэх насны 314, 6-15 насын буюу сургуулийн насны хүүхдүүд 1209, 16-35 насныхан 3384, 60-аас дээш насны 3903 хүн байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх 5 өвчинд нүдний эмгэг багтаж цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна.
Техник, технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг ухаалаг гар утас, зөөврийн компьютер, Ipad зэргээр хараа хяналтгүй тоглуулснаас болж харааны сулралтай хүүхдийн тоо нэмэгдэж байгааг эцэг, эх асран хамгаалагч нар анхаарах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн харааг 3-5 настайгаас нь шалгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байна.
Манай улс дэлхийн хараа хамгаалах өдрийг (WSD) жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь пүрэв гарагт Зайлсхийж болох сохрол ба сул харааг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг юм. Энэ жилийн хараа хамгаалах өдрийг угтан Эрүүл мэндийн яамнаас санаачлан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран нүдний эрсдэлт бүлгийн хүмүүст чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, үзлэг шинжилгээнд хамруулах ажлуудыг зохион байгуулж байна.
Үүнд:
• Зайлсхийж болох сохрол, хараа сулралаас сэргийлэх, хянах стратеги боловсруулан батлуулахад бэлэн болоод байна.
• Ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт хүүхдийн нүдний эрүүл мэндийн боловсрол олгох, хараа шалгах арга зүйн сургалтыг 10 дугаар сарын 8-нд зохион байгуулсан. Энэ сургалтад 100 гаруй байгууллагын эмч, нийгмийн ажилтан хамрагдсан.
• Ахмад настнуудад нүдний эрүүл мэндийн сургалт, уулзалтыг 10 дугаар сарын 13-нд зохион байгуулна.
• Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд оюутан сурагчдын хараа шалгах, нүдний үзлэг, сургалтыг 1000 оюутанд зохион байгуулсан.
• Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Эх, хүүхдийн эрүүүл мэндийн үндэсний төвийн нүдний тасгийн эмч нар 35 Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд хараа шалгах үзлэг, зөвлөгөөг зохион байгууллаа.
• АШУҮИС-ийн эмч, багш, оюутнууд харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 116 дугаар сургуульд хараа шалгах, үзлэг зохион байгуулна.
• Сургалт, үзлэг зөвлөгөө бүрт нүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх гарын авлага, материал хэвлүүлэн тараагдаж байсан.
• Хэвлэл мэдээллийн байгууллагууд нүдний эмгэгээс урьчилан сэргийлэх нэвтрүүлэг ярилцлагыг зохион байгуулж байна.
• Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг 10 дугаар сарын 14-нд тус холбооны байранд зохион байгуулах гэж байна.