Дархан-Уул аймгийн цэцэрлэгийн ундны ус нянгийн бохирдолтой байжээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын долоодугаар цэцэрлэгт МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хийсэн шинжилгээгээр цэцэрлэгийн ундны ус нянгийн бохирдолттой гарчээ. Хүүхдүүд хоол хүнсээр дамжсан гэдэсний бүлгийн савханцраар өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байна
Тус цэцэрлэг нь 414 хүүхэдтэй бөгөөд 09 дүгээр сарын 25-ны өдөр 270 хүүхэд цэцэрлэгт ирж, 144 хүүхэд нь ирээгүй байжээ.Өглөөний 06.30 цагт анхны хүүхэд эмнэлэгт ирж хэвтсэн. Уг гэдэсний халдвар нь 38-40 хэм хүртэл өндөр халуурах, бөөлжих, эхлээд ердийн ус ихтэй, дараа нь бижирмэгтэй, 6-аас дээш суулгасны дараа цусан судалтай суулгах шинж тэмдэгтэй ба цэцэрлэгийн бага, дунд ахлах бүх бүлгийн, бүх насны хүүхдүүд өвчилсөн байжээ. Хордлого аван эмчлүүлж байсан хүүхдүүдийн бие сайжирч эмнэлгээс гарсан, одоогоор цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байгаа тухай аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага мэдээллээ.
Аймгийн Засаг дарга цэцэрлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, инженерийн шугам сүлжээг засварлах зэрэг 26 заалт бүхий захирамж гарган хэрэгжүүлж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байна.
Есдүгээр сар гарснаас хойш нийтийг хамарсан хоолны хордлого хэд хэдэн удаа гарсан учир хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ юунд анхаарах зэргийг тусгасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагчийн 20 заалттай зөвлөмжийг аймаг, нийслэлд хүргүүллээ.
Мөн аймгууд “Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийн шаардлага хангахгүй, мэргэжлийн бус тогооч ажиллуулж байсан зөрчлийг илрүүлж, тогооч нарыг сургаж бэлтгэх явцад хяналт тавьж байна