Түлэнхийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Өчигдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатар нар Гэмтэл согог, судлалын үндэсний төвд шилжин нүүсэн Түлэнхийн төвийн үйл ажиллагаа, эмч нарын ажиллах орчин, өвчтөний тав тух, эмчилгээ, үйлчилгээний чанар, байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Юуны өмнө улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг Түлэнхийн төвийн асуудлыг уншигч танд эргэн нэг сануулья.
Энэ төвийн асуудал анх 2011 оноос яригдаж эхэлсэн. Учир нь тус төвийн барилга 1950-иад онд ашиглалтад орсноос хойш зөвхөн урсгал засвараар 2011 оныг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Гэтэл МХЕГ-аас тус төвийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргаж, акталсан учраас Түлэнхийн төвийг ГССҮТ рүү нүүлгэжээ. Гэвч ариун цэврийн дэглэм алдагдаж, ачаалал нэмэгдэж байна гэсэн шалтгаанаар “Мөнгөн гүүр” хувийн эмнэлгийн байранд түрээсээр үйл ажиллагаагаа явуулах шийдийг Эрүүл мэндийн яамнаас гаргаж, өнгөрөгч 09 дүгээр сар хүртэл сарын 28 сая төгрөгийн түрээсийн төлбөр өгсөөр ирсэн.
“Мөнгөн гүүр” эмнэлгийн захиргаанаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр Түлэнхийн төвийхөнд 10 дугаар сарын 01 гэхэд байраа суллаж өгөөч ээ, бид цаашид үйл ажиллагаагаа өөрчилмөөр байна гэсэн шаардлага өгсөн. Шаардлагын дагуу эмч, мэргэжилтнүүд Эрүүл мэндийн сайдад үүссэн нөхцөл байдлыг танилцуулсан байна. Ингэхдээ түрээсийн төлбөрийг нэмээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт тавих, эмнэлгийн шаардлага хангах байрыг өөр газар түрээслэх, дотоод нөөц бололцоогоо дайчлан ГССҮТ-ийн байрандаа оруулж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх гэсэн 3 сонголт байгааг уламжилсан байна. Эрүүл мэндийн яамны удирдлагууд, ГССҮТ-ийн захиргаатай зөвлөлдсөний дүнд дотоод нөөц бололцоогоо ашиглан төв байрандаа оруулах шийдвэрт хүрсэн.
Харин Түлэнхийн төвийн барилгын тухайд анхны төсөвт өртөг нь 8 тэрбум төгрөгийн үнэтэй байсан бол 26 тэрбум болтлоо өссөн. Энэ онд эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор царцаагдсан барилгын жагсаалтад орсон. Ирэх оны төсөвт суулгахахаар ажиллаж байгаагаа ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатар хэлсэн. Харин газрын эзэмшлийн гэрчилгээ, бүх зүйл нь ГССҮТ-д хэвээрээ байгааг тус төвийн захирал З.Мэндсайхан мэдэгдсэн.
ГССҮТ-ийн удирдлагууд Түлэнхийн төвийг өөрийн байрандаа оруулахдаа төлөвлөгөө гарган ажилласан. Ингэхдээ нэг эмч нэг өрөөнд, нэг дарга нэг өрөөнд байсныг өөрчлөн хуучин түргэн тусламжийн машин байрладаг байсан саравчийг ашиглан эмч нарын өрөөг нэгтгэж, лаборатори, түлэнхийн тасгуудыг шинээр байгуулжээ. Мөн зөвлөлийн хурал хийдэг өрөөгөө засаж, дөрвөн ортой, шүргүүр, ариун цэврийн өрөөтэй орчин үеийн өдрийн эмчилгээний тасгийг нээхээр ажиллаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 15 гэхэд ашиглалтад орно гэдгийг ГССҮТ-ийнхөн хэлж байна.
Дотоод нөөц бололцоогоо ашиглаж, зөв зохион байгуулалт хийснээр 80 ортой Түлэнхийн тасаг болгон үйл ажиллагааг хэвийн явуулах өрөө тасалгааг гаргаж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. Барилгын 4 бригад 45 хоногийн хугацаанд засвар үйлчилгээ хийсний хүчинд энэ тасгийг засахдаа эрчимт эмчилгээний тасаг, боолтийн өрөөг нэмэлтээр бий болгож, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүх нөхцлийг хангажээ. Одоо Түлэнхийн төв 64 ажилтантай, 80 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.