Н.Удвал сайд АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Көрк Макбрайдыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Көрк Макбрайд, Байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Наатан Жонсон нарыг тэдний хүсэлтийн дагуу өнөөдөр ЭМЯ дээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэхийн сацуу АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дэлхий дахинд аюулын харанга дэлдэж байгаа Эбола вирусийн эсрэг дэлхийн улс орнуудыг хамтран тэмцэх уриалга гаргаж, идэвхийлэн тэмцэж байгааг мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар Эбола вирусийн өвчнөөр 5000 хүн өвчилж, 2200 хүн амь насаа алдаад байна. Дэлхийн улс орнууд нэн даруй хүчээ нэгтгэн тэмцвэл энэхүү өвчнийг 6-9 сарын хугацаанд дарж чадах тооцоо байгааг Эрүүл мэндийн сайдад дуулгаад хамтран тэмцэх талаарх албан тоотийг гардууллаа.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эболатай тэмцэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачлага гарган, манлайлан оролцож байгааг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Эбола өвчний талаарх мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, өвчин тархсан орнууд руу онцын шаардлагагүй үед зорчихгүй байх талаар мэдээлэл, зөвлөмжийг иргэддээ хүргэж ажиллаж байгааг дуулгалаа. Өнгөрсөн долоо хоногт ЭМЯ дэргэдээ ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр онцгой нөхцөл байдалд ажиллах Шуурхай удирдлагын төвийг нээсэн. Энэхүү төвөөс Ази Номхон далайн баруун эргийн бүсийн эмч, мэргэжилтнүүдтэй холбогдож Эбола вирусийн талаар цаг үеийн мэдээ авснаа дурдлаа. Түүнчлэн энэхүү олон улсын анхаарлын төвд байгаа Эбола вирусийн эсрэг тэмцэлд Монгол улс хэрхэн оролцох, ямар тус дэм үзүүлж болох талаар эргэн хариу өгөхөөр боллоо.