Эрүүл мэндийн салбарын төлбөрийн механизмын үнэлгээг сайжруулах талаар хэлэлцлээ
“Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний төлбөрийн тогтолцооны үнэлгээ”-г танилцуулах, төлбөрийн тогтолцоог сайжруулах талаар цаашид авах арга хэмжээний зураглал гаргах хэлэлцүүлэгт уулзалт өнөөдөр боллоо
Уулзалтын үеэр дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулан, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд хүртээмжтэй хүргэх замаар хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулах эрхэм зорилгод хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлөх боловч нэн тэргүүнд зохистой санхүүжилт, зөв төлбөрийн механизм туйлын чухал үүрэгтэй.
Манай улс сүүлийн 10 жилд эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний төлбөрийн механизмуудыг үе шаттайгаар шинэчилсний үр дүнд өнөөдөр эдийн засгийн ангиллаар санхүүжих, оношийн хамааралтай бүлгээр санхүүжих, нэг иргэнээр санхүүжих болон шууд төлбөрийн аргаар санхүүжих гэсэн төлбөрийн механизмуудыг нэвтрүүлэн, уг төлбөрийн механизмуудын үр нөлөөлөл нь харагдахуйц хугацаанд тогтвортой ашиглаад байна. Энэ хугацаанд бид эдгээр төлбөрийн механизмуудыг ашиглахад давуу болон сул талууд байгаа, төлбөрийн механизмуудыг сайжруулах шаардлагатай гэдэг нэгдсэн ойлголтод хүрсэн.
Өнөөдөр энэхүү уулзалтад эрүүл мэндийн салбарын төлбөрийн механизмын үнэлгээг танилцуулж байгааг миний бие эрүүл мэндийн санхүүжилтын талаарх өнөөгийн эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулахад шаардлагатай нотолгоо бий болж байна хэмээн олзуурхаж байгаагийн зэрэгцээ үнэлгээнд үндэслэн төлбөрийн тогтолцоог сайжруулах цаашдын арга хэмжээний зураглалыг бий болгох гэж байгаа нь туйлын ач холбогдолтой бөгөөд талархууштай арга хэмжээ гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна” хэмээлээ.