Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

2014 оны 9 сарын 15

Тарваган тахал нь байгалийн голомтот хурц халдварт өвчин. Дэлхий дахинд Африк, Ази, Өмнөд Америкийн зарим орнуудад тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдэж нийгмийн эрүүл мэндэд асуудал үүсгэсээр байна. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт орших бөгөөд одоогоор 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой энэ нь манай улсын нийт нутаг, дэвсгэрийн 28.3%-ийг эзэлдэг. 

2009-2013 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгийн аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, 2014 оны 9-р сарын байдлаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон.

Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан,Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний 5 тохиолдол бүртгэгдсэн.

Жил бүрийн 7 дугаар сарын 3 дахь долоо хоногт орон даяар тарваган тахлын дархлаажуулалтыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулдаг бөгөөд 2014 онд Казакстан улсад үйлдвэрлэгдсэн 30 мянган хүн тун вакциныг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 17 аймагт түгээгээд байна.

  2014 оны 9-р сард Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Өвчтөн М, 15 настай, эрэгтэй хүүхэд 09дугаар сарын 03-нд тарваганы мах идэж, тарваганы түүхий давсаг залгиснаас хойш эмнэл зүйн шинж илэрч, сумын эмнэлэгт хандсанаар оношилгоо, эмчилгээнд хамрагдаж, сумын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажиллагаа үргэлжилж байна.

Эмнэлзүй шинж тэмдэг, лабораторийн шинжилгээг үндэслэн урьдчилсан байдлаар тарваган тахлын залгиурын хэлбэр гэж үзээд сумын Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорио тогтоож, 8 цэгт 24 цагаар эргүүл гаргасан. Одоогийн байдлаар 1 дүгээр хавьтлын 54 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах, сумын хэмжээнд 2 дугаар хавьтлыг илрүүлэх, хяналтад авах ажиллагаанд ЗӨСҮТ-ийн баг бүрэлдэхүүн хамтран ажиллаж байна.

 Өвчтэй тарвага агнах, тарваганы арьс өвчих, мах эвдэх үед арьс салтын бүрэн бүтэн байдал алдагдсан үед, бөөс, бүүргэнд хазуулах, тарваганы түүхий эд (хүн мах, элэг, цөс, давсаг ..г.м )-ийг залгих, махыг түүхий, шүүрхий идэх тохиолдолд, мөн тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс амьсгалын замаар тус тус тарваган тахлын халдвар дамжина.

Урьдчилан сэргийлэхийн тулд БОНХ-ийн Сайдын 2014 оны тушаалаар Монгол улсын нийт нутаг дэвсгэрт тарваган агнахыг 3 жилээр хорьсон иймээс аль болох тарвага агнахгүй байх, жил бүр сэргийлэх дархлаажуултад хамрагдах нь зүйтэй.

Тарвага, мэрэгчтэй харьцснаас хойш 6 хоногийн дотор өндөр халуурах, булчирхай цочиж томрон эмзэглэх, цээжээр өвдөх, цустай цэр гарах шинж илэрвэл эмчид яаралтай хандаарай.

  ЗӨСҮТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8666
0 эможи
keyboard_arrow_up