Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Су Нюнт-У-тай уулзлаа

2014 оны 9 сарын 12

Уулзалтаар тун удахгүй болох гэж байгаа архины хяналтын асуудлаар болох үндэсний чуулганы талаар санал солилцлоо. Чуулганыг Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулах гэж байгаа. Чуулганы бэлтгэл ажлын төлөвлөгөө гарсны дагуу ажлын хэсэг ажиллаж байна.

 

Уг үндэсний чуулганд Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др. Шин Ён Су, ДЭМБ-ын ерөнхий захирал Др. Маргарет Чан нарыг урих юм байна. 

Мөн НҮБ-ын архины хяналтын конвенцийн үзэл баримтлалын эхний төслийг боловсруулах багийг шалгаруулаад ажиллаж байна. Түүнчлэн хүн амын тодорхой бүлэгт чиглэсэн цуврал хэлэлцүүлгийг зохион явуулж байна. Архидан согтуурах, архинд донтох эмгэгийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд өөрсдийн чадавхийг үнэлж, дугуй ширээний ярилцлага зохион байгуулжээ.

2015 оны 6-р сард Монгол улсад архины хяналтын НҮБ-ын конвенцийн асуудлаар олон улсын бага хурлыг зохион байгуулахаар ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др. Шин Ён Су-тай ярьж тохирсон. Үүний бэлтгэл ажил болох уг хурлыг зохион байгуулах хороо болон техникийн ажлын хэсгийг байгуулах талаар санал авч ажиллаж байгаагаа хэллээ.

Сайд энэхүү уулзалтанд Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-ын тусламжийг авах шаардлагатай хоёр асуудал байгааг онцоллоо. Үүнд:

1. “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль”-ийн дагуу аймаг, дүүргийн эмнэлэг бүрт сэтгэц, зан төрхийн эмчилгээний эмч, мэргэжилтэн байна гэж заасан байдаг. Гэвч дээрх мэргэжилтнийг бэлдэх боловсон хүчин манай улсад байхгүй учир ДЭМБ-аас эхний ээлжинд энэ чиглэлийн сургалт явуулах мэргэжилтэнг урьж ажиллуулах талаар;

2. Эбола вирусийн тархалттай холбоотойгоор Монгол улсад мал, амьтнаас дамжин халдах, байгалийн голомтот өвчнүүд тархах өндөр эрсдэлтэйг харгалзан био аюулгүй байдлын тандалтын тогтолцоо, нэгж байгуулах, түүний чадавхийг сайжруулах чиглэлээр тус тус хамтран ажиллах хүсэлт тавьлаа.

Мөн тэрээр элэгний С вирус, түүний эмчилгээний талаар тодорхой бүлэг хүмүүс буруу мэдээллийг тарааж, нийгэм, иргэдийн дунд үл мэдэгдэх хүлээлтийг бий болгож байгааг онцоллоо. Үүнтэй уялдуулан Эрүүл мэндийн яам энэ асуудалд онцгойлон анхаарч, судлан тодорхой мэдээлэл бэлтгэн, Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан байна. Түүнчлэн элэгний С вирусийг анагаах “Софосбувир” гэдэг АНУ-д үйлдвэрлэсэн, нэг курс эмчилгээ нь 84.000 ам долларын үнэтэй эмийг бүртгүүлэх асуудлаар ЭМЯ-нд хандсаныг танилцууллаа. Гэтэл бүртгэх явцад дараах хоёр асуудлыг тодорхой болгох шаардлага гарч ирсэн байна. Үүнд:

1. Уг эмийн талаархи албан ёсны гэрчилгээнд эмийн эмнэлзүйн тандалт, судалгаа дуусаагүй байгааг тэмдэглэсэн байсан;

2. Бүртгүүлэхээр өгсөн эмийн бичиг баримт нь Монгол улсад хэрэгжүүлэх Access (хүртээмж) хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгдэх Канад улсад үйлдвэрлэсэн эм байсан. Уг эмийн загвар дээжийг ирүүлээгүй тул лабораторын шинжилгээ хийгдэх боломжгүй байгаа нь; эргэлзээ төрүүлж байна.

Иймээс дээрхи 2 шалтгааныг судалж, тодруулах шаардлагатай байгааг дурдлаа. ДЭМБ-ын байгууллагын суурин төлөөлөгч Сайдын тавьсан дээрхи хүсэлтүүдийг харгалзан үзэж, “хамтран ажиллах бүх боломжийг судлан, шийдвэрлэх талаар мэдэгдлээ. Мөн ДЭМБ-ын албан ёсны хамтрагч нь Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам учир тус яамны албан ёсны байр суурийг харгалзан үзэж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэдгээ ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Су Нюнт-У уулзалт дээр онцоллоо.

Тэрээр мөн уулзалтын үеэр зарим эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага ДЭМБ-ын логог ашигласан зохисгүй үйлдэл гаргасныг сайдад дуулгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8567
0 эможи
keyboard_arrow_up