Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг “Хамгийн ээлтэй хүн”-ээр тодруулжээ
Дархан-Уул аймгийн иргэдийн зөвлөлөөс иргэдийнхээ дунд явуулсан аймгийн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө их үйлсийг хийж, бүтээж байгаа салбарыг шалгаруулах санал асуулгаар эрүүл мэндийн салбарын “Хамгийн ээлтэй хүн”-ээр Эрүүл мэндийн сайд Н.Удвал тодорсныг дуулгалаа.
Үүнтэй холбогдуулан “Хамгийн ээлтэй хүн” өргөмжлөлийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар гардуулж өглөө. Тэрээр хэлэхдээ, “Н.Удвал сайд нь эрүүл мэндийн салбарт шинэчлэл, өөрчлөлтийн төвөгтэй, амаргүй ажлыг амжилттай хийж байгаа, тэр дундаа иргэн хүнд чиглэсэн, хүртээмжтэй, үр дүнтэй олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа учраас энэхүү шагнал нүдээ оллоо" гэж онцлоод, сайдын цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Эрүүл мэндийн салбараас, хүн амын дундах өвчлөлийн түвшин, эрсдэлийн байдлыг харгалзан тус аймагт олон эмэнд дасалтай сүрьеэг богино хугацаанд оношилдог (72 цагийн дотор) аппарат, бөөрний дутлын үед хэрэглэх гемодиализийн аппарат, зам тээврийн ослын үеийн түргэн тусламжийг сайжруулахын тулд автомашин зэргийг тус тус олгожээ. Түүнчлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор оношилгоо, эмчилгээний багц болох нийт 1,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмжийг өнгөрсөн онд хуваарилжээ.
Эрүүл мэндийн сайд шагналыг гардан аваад хэлсэн үгэндээ, Аймгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, нарийн төвөгтэй үйлст Дархан-Уул аймгийн удирдлагууд, аймгийн эрүүл мэндийн газар нь салбарын яамтай нягт хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.
Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсний нэг нь 2013 онд тус аймгийн Дархан сум нь Дэлхийн эрүүл хотуудын холбооны “Дэд бүтэц сайтай, эрүүл хот” өргөмжлөлийг Монгол улсаас анх удаа авсныг сайд онцоллоо.
Эцэст нь Дарханчуудад сайн сайхныг хүсч, эрүүл мэндийн төлөөх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ.