Ж.Амарсанаа: Элэгний вирусээ устгая гэхээр гурван жил хүлээ гэдэг салбарын яам гэж байх уу

2014 оны 9 сарын 09

Эрүүл мэндийн дэд сайд Ж.АМАРСАНААТАЙ ярилцлаа.

-Хэдхэн сарын өмнө та АНУ-д ажиллаад ирэхдээ элэгний С вирусийг анагаадаг эмийг Монголд хямдралтай үнээр оруулж ирэх боломжийн талаар сайхан мэдээ дуулгаж байсан. Долоон хүн тутмын нэг нь энэ төрлийн вирусээр өвчилсөн байдаг манай улсын хувьд энэ нь их хүлээлт үүсгээд байсан байх. Софосбувир гэдэг энэ эмийг хэзээнээс худалдаалж, монголчууд хэдийд хэрэглэж эхлэх бол?

-Тэр үеэс хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Хүлээлт ч их байгаа. Энэ хугацаанд олон зүйлийг амжуулж болох байсан. Эмийн бүртгэлийн бичиг баримт нь долдугаар сарын сүүлээр бэлэн болоод яаманд тушаасан байна билээ. Шинэ эмийг бүртгэж авахад шаардлагатай бүх бичиг баримт бүрдсэн байсан. Тэгээд Эрүүл мэндийн яамны Эм бүртгэлийн хурлаар орсон боловч шинжээчийн дүгнэлт дутуу гэдэг үндэслэлээр буцаасан. Нэгэнт л шинжээчийн дүгнэлт шаардагддаг нь учир зүйн хэрэг биз. Гэтэл дараагийн хурал нь одоо хүртэл болохгүй хойшлогдоод л байна.

-Шинжээчийг хаанаас томилдог юм бэ?

-Манай яамнаас томилдог. Дүг­нэлт нь гарчихсан байгаа.

-Дүгнэлт гарчихсан байхад хурал нь ямар шалтгаанаар хойшлогдоод байгаа юм бол. Дараагийн хурлыг нь хэдийд хий­хээр төлөвлөсөн байсан юм бэ?

-Наймдугаар сарын дундаас есдүгээр сарын 1-ний хооронд ху­рал­дахаар товлоод байсан. Одоо хүртэл хуралдаагүй л байна. Хоёр­дугаарт, хэлэхэд ч ичмээр юм даа.

Манай Эрүүл мэндийн яамны зүгээс гадаадад шинээр бүртгэгдсэн эмийг гурваас доошгүй жил тухайн оронд нь хэрэглэсний дараа Монгол Улсад оруулна гэсэн журмыг мөрддөг. Үүнийг үндэс болгоод бас хойшлуулаад байгаа. Уг нь би Эмийн хэлтсийнхэндээ наад заалтаа эргэж хараарай, Монгол Улсын үндэсний эрх ашиг гэж нэг юм байдаг шүү гэж хэлээд л байгаа. Зайлшгүй шаардлагатай үед гурван жил гэдэг энэ заалтыг хүлээхгүй байх нь зөв шүү гээд хэлсэн. Жишээлбэл, хорт хавдрын маш сайн эм гарчихаад байхад бид энэ журмаа дагана аа гээд гурван жил хүлээгээд байх уу. Хавдартай хүмүүсээ харсаар байж алдсаар суух уу. Ийм л байр сууриас энэ журмыг өөрчлөөрэй гэж хэлсэн. Өдий болтол өөрчлөөгүй л байна. Заримдаа ч манай яам юуны төлөө ажилладаг юм бэ гэж гайхдаг ш дээ. Үнэндээ ингэж бодохоор маш их бухимддаг. Монголчуудын нэг номерын өвчлөл элэгнийх болчихоод байхад, нөгөө талд элэгний сайн эм гарчихсан байхад гурван жил хүлээж бай, журмаа барина гээд явж байдаг нь ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй яамны хувьд хэр зохистой вэ. Энэ яамны тогоон дотор байгаа би хүртэл ингэж бухимдах явдал олон гарах юм байна шүү дээ.

-Софосбувирыг өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ бүртгэж, албан ёсоор хэрэглэж эхэлсэн байх аа?

-Тийм.

-Тэгвэл одоогийн мөрдөж байгаа журмын дагуу 2016 оны арванхоёрдугаар сараас л элэгний С вирустэй монгол хүн энэ эмийг эх орноосоо худалдан авч болох нь ээ. Хүн амын 15 хувь нь энэ вирусийг тээж явдаг улсын хувьд арай л харгис сонсогдож байна?

-Харин тэгж л таарах гээд байна. Уг нь энэ журмыг өөрчилье гэж байгаа юм. Ажлын хэсэг гарчихсан. Санал дүгнэлт нь сайдын ширээн дээр байгаа. Би бол саналаа эхнээс нь тодорхой өгсөн. За яахав, гурван жил гэдэг хугацаа байдаг юм байж. Гэсэн ч онцгой тохиолдлыг харж үзэх ёстой. Үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Бодолтой юм хийгээрэй. Өвчнийг маш хурдан хугацаанд гаж нөлөө багатай анагаадаг эм гарчихаад байхад хугацаа заагаад хойш суугаад байж болохгүй шүү гэдгийг нэг биш удаа анхааруулаад л байсан. Энэ чинь ард түмний эсрэг бодлого болчихоод байна гэдгийг маш олон удаа сануулсан. Гэтэл өөрчлөгдөж байгаа юм алга.

-Журмыг бол салбарын сайд эцэслэн батална биз дээ. Та сайддаа энэ саналаа тавьсан уу?

-Хүсэлт гаргалгүй яахав. Одоо бол хуучнаараа л явж байна. Сайд Эмийн тухай бодлого УИХ-аар батлагдсаны дараа энэ журмаа баталъя гэсэн байр суурьтай юм шиг байгаа юм. Эмийн тухай бодлого намрын чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт орох байх. Тэгээд хэзээ ч бодлого батлагдаж, хэзээ ч журам нь өөрчлөгдөх юм. Бүү мэд.

-Манай улс л шинэ эмийг бүртгэх эсэх дээрээ ингэж удаашраад байгаа болохоос биш нийлүүлэх компани нь бол бэлэн байгаа юу?

-Бусад асуудал нь шийдэгдчихсэн байгаа. Эхний ээлжид 10 мянган хүний доозыг бэлэн болгочихсон байгаа гэдгээ хэлсэн. Бүртгэл шийдэгдээ л бол тэндээс шилжүүлэхэд ямар нэгэн асуудалгүй байгаа гэж би ойлгосон.

-АНУ-д бүртгэгдсэн эм гэж байгаа. Тэдний туршилтын хугацаа нь хэр байдаг юм бол?

-Гурван үе шаттай туршилт байдаг юм билээ. Энэ нь бараг дөрөв, таван жилийн ажил. Ингэж бүртгэгдсэн эмийг манайхан, салбарын яам нь бүртгэхгүй, ард түмнийхээ эсрэг хүнд суртал гаргаад байх юм. Ер нь тэгээд элэгний вирусээ устгая гэхээр гурван жил хүлээ гэдэг салбарын яам гэж байх уу. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт элэгний вирусээсээ салах гээд маш олон төрлийн эм туршиж байгаа. Үр дүнтэй нь ч байгаа, үр дүн гараагүй нь ч байгаа. Элэгний С вирусийн шинэ эм гэхэд л маш олон гарч ирж байгаа л даа. Өнгөрсөн таван жилд хоёр ч шинэ эм гарч ирсэн. Монголд яагаад орж ирэлгүй удсан гэхээр гаж нөлөө ихтэй, үр дүнгийн хувьд бас тийм сайнгүй байсан. Гэтэл энэ эм гаж нөлөө маш багатай, үр дүн нь өндөр. Үүнтэй адилхан сайн үр дүнтэй эмүүд гарч ирж байгаа. Гэхдээ манайд хямдралтай үнээр нийлүүлэх саналыг хүлээж авсан компани нь ганцхан байгаа. Бусад компани нь эмээ ингэж хямдруулах эсэх нь эргэлзээтэй байна ш дээ, одоогийн байдлаар.

-АНУ-ын зах зээл дээр худалдаалагдаж байгаа өөрийн үнэ нь хэд байгаа билээ?

-Нэг курс эмчилгээ нь 84 мянган доллар.

-Манайд санал болгож байгаа нь?

-1800 доллар гэж байгаа.

-900 доллараар ав гэснийг нь Амарсанаа дамлах гэж байна гээд л шуугисныг та сонссон л байлгүй.

-Сонссон, сонссон. Ямар ч хэцүү хартай хүмүүс вэ дээ. Ямар зорилгоор ийм хачин юм тараагаад байдаг юм. Тайлбарлая л даа. Гурван сарын курс эмчилгээ хийлгэвэл 900 доллар болно. Зургаан сарынх нь 1800 доллар байхгүй юу.

-Ер нь С вирусийг анагаахын тулд хэдэн сарын курс эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй юм бэ?

-Вирусийнхээ генотипээс шалтгаалдаг юм. Монгол хүнд халдварласан С вирусийн генотип нь ихэвчлэн нэгдүгээр генотип байдаг. Нэгдүгээр генотип бол эдгэрэх нь арай удаан байдаг. Тэгэхээр нэгдүгээр генотипээр халдварласан бол зургаан сараар л курс эмчилгээ хийгдэх байх л даа. Ингэж л тооцоо хийж курс эмчилгээний үнийг 1800 доллар гээд байгаа юм ш дээ.

-Та элэгний С вирусыг эмчилдэг софосбувир эмийг ийм хямдралтай үнээр оруулж ирэх боломж байна гэдэг саналаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нарт хэлж үзсэн үү. Элэгний С вирус гэдэг бол үндэсний хэмжээнд харанга дэлдсэн өвчлөл гэдэг утгаараа төр засгийнхны сонорт дуулгаж дэмжлэг хүссэн болов уу?

-Ерөнхийлөгчид танилцуулсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар онцгой анхаарал хандуулж их дэмжиж байгаа. Ерөнхий сайдад энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, судалгаа энэ тэрийг танилцуулъя гэдэг хүсэлт тавьчихаад байгаа. УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаад ч дуулгасан. Бүгд л дэмжих байр суурьтай байгаа. Яам маань л дэмжихгүй байгаа.

-Бид энэ тогоон дотроо бужигнаад л байх зуур нөгөө компани нь хямдралтай үнээр өгөх саналаа цуцалчих вий дээ. Ер нь гэрээ хэлцэлдээ хугацаа заасан юм байгаа юу?

-Манай хурдаас их шалтгаална л даа. Ямар ч зүйлд тэвчээрийн хязгаар гэж байдаг. Ингэж их хямдруулах өөр газар дахин олдох болов уу даа. Үгүй л байх вий гэж эмээж байна. Энэ компани 12 оронд л ийм хямдралтай үнээр эмээ борлуулахаар болсон байгаа. Тэдний нэг нь Монгол Улс.

-Софосбувирыг хэрэглээнд нэвтрүүлээд бараг жил болох гэж байна. Хэдэн хувийн үр дүнтэй байгаа вэ. Сүүлийн үеийн судалгаа байгаа биз дээ?

-Сүүлийн үеийн судалгаагаар рибавирин гэдэг эмтэй хавсраад уухад 80 хувьд нь үр дүнтэй. 100 хүн эмчилгээ хийлгэлээ гэхэд 80 хүн нь элэгний С вирусээсээ салж чадна гэсэн үг. Интерферонтой хавсарвал бараг 100 хувийн үр дүнтэй. Үндэсний хэмжээнд С вирусээс салгах боломж гарч ирчихээд байхад аманд орсон шар тосыг хэлээр түлхээд байх юм. Ард түмний эрх ашгийн эсрэг хүнд суртал гаргадаг салбарын яам байснаас байгаагүй нь дээр шүү дээ.

-Та дотор нь ажиллаад, бодлого тодорхойлолцоод л явж байна. Тэмцэхгүй байна уу?

-Тэмцээд ганцаардаж байна ш дээ. Элэгний хавдрын үндсэн гол суурь нь В,С вирус. В вирусийн хувьд дарангуйлж болдог, бүрэн эдгэрдэггүй вирус. Хамгийн сайн эмчилгээ хийлгэхэд л гуравхан хувь нь эдгэрч байх жишээний. Харин С вирусийн хувьд үндсээр нь устгах боломж гарч ирэх гээд байна.

-Ер нь ийм эмийг, ийм үнээр оруулж ирэх боломж байхад бүртгэхгүй байгаа нь цаанаа улс төрийн шалтгаан байна уу. Уг нь бол элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг орны хувьд нэг өдрийг ч алдмааргүй л санагдах юм?

-Тэгэхээр эрүүл мэндийн яам жаахан задгай сэтгэмээр байгаа юм. Дүрэм журмаа мөрдөлгүй л яахав. Мөрдөх гэж ч угаасаа тийм зүйл баталж байгаа. Гэхдээ юм бүхэн дээр хайрцаглагдаад, тэндээ боогдоод байж болохгүй. Үндэсний аюулгүй байдалд нүүрлээд байгаа чухал асуудал дээр юун тэр гурван жил хүлээх журмын заалт вэ. Үүнийгээ өөрчилдөггүй юм бол ядаж чухал эмийг заавал гурван жил хүлээхгүй гэдэг нэмэлт заалт оруулах хэрэгтэй биз дээ. Юу нь болохгүй байгаа юм.

-ДОХ-ын эсрэг эм гарчихлаа гэхэд бид бас л гурван жилийнхээ журмыг яриад л сууж баймааргүй байна ш дээ гэж үү?

-Ердөө л наадах чинь. Эбола вирусийг эмчилдэг эм гээд л гараад ирлээ гэхэд бас л гурван жил хүлээх үү. Бухимдахгүй байхын арга байхгүй байгаа биз.

-Энэ эмийг ямар компаниар дамжуулж оруулж ирэх юм бол?

-Өөрсдийнх нь албан ёсны борлуулагч компани Монголд байдаг юм билээ. “Омбол” гээд компани.

-Та тэр компанид хувьтай юм биш биз дээ?

-Ямар ч хувь байхгүй. Шалгадаг газар байвал шалгуулчихмаар байх юм. Хэрэв надтай хардаад байгаа юм бол Монголын талаас оруулах компанийг нь сольчих л доо. Надад хэн оруулж ирэх нь огт сонин биш байна. Ийм сайн эм оруулж ирье гээд элэг судлаач хүний хувьд дэмжихээр элдэв хардлагад өртөөд байх юм. Элэгний эмчийн хувьд энэ эмийн ач холбогдлыг би маш сайн ойлгодог. Ганц өдөр ч алдахгүй Монголдоо нэвтрүүлье гэж хичээж байгаа минь үнэн. Ерөөсөө л энэ талаар дагнан ажиллаж байсан хүнийхээ үүднээс, энэ салбарт бодлого тодорхойлолцоод явж байгаагийнхаа хувьд үүргээ гэж бодож л ийм юм хийж байна. Түүнээс энэ эмнээс би ашиг олох гээд байгаа юм биш. Би чинь Ази Номхон далайн орнуудын элэгний эмгэг судлалын зөвлөх ш дээ. Тэр холбооны хурал дээр судалгаанууд байнга гардаг. Тэгээд л энэ эмийг бүртгүүлэнгүүт нь очиж уулзана даа гэж төлөвлөчихсөн байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард софосбувирыг АНУ бүртгэж авсан. Дөрөвдүгээр сард би тийшээ ажлаар явж таарсан. Тэгээд л компанийнхантай нь уулзаад хямдралтай үнээр авах санал тавьсан л даа.

-Энэ компанийн төлөөлөгч Монголд ирнэ гэж байсан. Хэзээ ирэх вэ?

-Өмнө нь ирээд явсан л даа. Удахгүй дахиад ирнэ. Манайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтраад элэгний С вирусийг устгах талаар техникийн хурал энэ сарын 12-нд зохионо. Эндээс нэг зөвлөмж гарах байх. Үүний дараахан тэдний төлөөлөгчид манай улсад ирэх болов уу. Тэр үед нь бид тодорхой шийдэлд хүрчихсэн л баймаар байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8393
0 эможи
keyboard_arrow_up