“Монос”-ын эмийн сангуудыг шалгаж эхэллээ
“Монос”-ын эмийн санч фенобарбитал эмийн тунг андуурч зарснаас 16 нярай хордсон хэрэг гарсан билээ. Тус групп алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус эмийг зарах зөвшөөрөл аваагүй байсан гэх яриа ч бий. Тиймээс иргэдээс ирсэн гомдлын дагуу ШӨХТГ Монос группийн эмийн сангуудыг шалгаж эхэлжээ.
Тус байгууллагад удаа дараа үнэ өндөр, өөр өөр үнэ хэлдэг. Эмзүйч нь эмнийхээ жорыг мэддэггүй гэх мэт гомдол ирсэн учраас шалгахаар болсон байна. Цаашлаад бусад эмийн сангуудыг шалгахаар болсон байна.
ШӨХТГ-ынхан өчигдөр Таван шар болон Сонсголон дахь “Монос”-ын салбарыг шалгасан аж. Энэ хоёр салбар бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг бичдэггүй, эрхлэгч нь эзгүй, эм зүйч, жор найруулагч нь бичиг баримтгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом зарж байсан бөгөөд хуулиар хориогүй хэмээсэн ч эмийн санд зарж байсан жимсний чанамал, шүүсийг хурааж, устгахаар болжээ.