Монос Групп албан ёсоор уучлал хүслээ

2014 оны 8 сарын 13

/Мэдэгдэл/

Монос Групп нь Монголчуудынхаа эрүүл энхийн төлөөх үйлст 1990 оноос хойш тасралтгүй зүтгэж буй нийгмийн хариуцлагатай байгууллага билээ.

2014 оны 8 сарын 8 -ны өдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэргэдэх “Монос эх нялхас” эмийн сангаас “Эмийн үйлдвэр” ХХК-ийн “Фенобарбитал” эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг том хүний тунгаар андууран өгч, алдаа гаргасанд гүнээ харамсаж байна.

Мэргэжлийн ноцтой алдаа гаргаж эмийг буруу олгосон жор баригчийн хариуцлаггүй үйлдлийн өмнөөс Монос Группийн удирдлага, хамт олон хордлого авсан нярай, эцэг эхчүүд, гэр бүлийнхнээс албан ёсоор уучлал гуйж байна.

Тухайн өдөр  нийт 23 хүнд уг эмийг олгосон бөгөөд тус эмийн сангийн эрхлэгч маргааш нь жор баригчийн гаргасан алдааг жорын бүртгэлээс илрүүлэн, компаний удирдлагад дуулгасан юм. Компаний удирдлага тус эмийг худалдан авсан бүх иргэдтэй утсаар холбогдож, эм хэрэглэсэн 16 хүүхдийг эмнэлэгт хүргэх, эмчилгээг эхлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, улмаар 7 хүүхдийг уг эмийг өндөр тунгаар хэрэглэхээс урьдчилан сэргийлж чадсан болно.

“Фенобарбитал” эм нь зарим хэвлэлд бичсэн шиг шинэ эм биш бөгөөд уг эмийг “Эмийн үйлдвэр” ХХК 50 гаруй жил үйлдвэрлэж байгаа юм. Мөн зөвхөн Моносын эмийн сангаар төдийгүй Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 1-р зэрэглэлийн бүх эмийн сангаар үйлчилдэг болно.

Зарим хэвлэлээр Монос Групп нь мэргэжлийн бус залуу хүн ажиллуулсны улмаас ийм алдаа гарсан мэтээр бичжээ. Гэтэл хариуцлага алдсан жор баригч нь ЭМШУИС-ын харъяа Дархан хот дахь Анагаах Ухааны Дунд Сургуулийн эм найруулагчийн ангийг 2013 онд төгсөж эм барих лицензийн шалгалтыг зохих ёсоор өгсөн, 1 жил ажилласан туршлагатай жор баригч байсан бөгөөд тухайн өдөр цэвэр хувь хүний анхаарал болгоомжгүйгээс үүдсэн алдаа гаргасан байна.

Хэдийгээр энэ үйл явдал нь нэг ажилтны хайхрамжгүй үйлдлээс улбаатай боловч Монос Группийн удирдлага эмийн хордлого авсан нярай болон эцэг, эхчүүдтэй тогтмол харилцаатай байж 24 цагаар жижүүрлэн, шаардлагатай шинжилгээ, эм тариа зэргээр тусалж байгаа болно.

Хуулийн байгууллагын шийдвэр хэрхэн гарахаас үл хамааран бид алдаа гаргасан ажилтанд хариуцлага тооцох бөгөөд нярай болон эцэг эхчүүдтэй тогтмол харилцаатай байж, хордлогоос үүдсэн үр дагварыг арилгах чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран байнгын идэвхитэй үйл ажиллагаа явуулах болно.

Мөн уг үйл явдал нь Эм хангамжийн салбарын хувьд томоохон сургамж болж буй бөгөөд цаашид дотоод хяналт, шалгалтаа улам сайжруулж ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

Монос Группийн хэвлэл, олон нийттэй харилцах алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6991
1 эможи
keyboard_arrow_up