АШУҮИС-ийн хиймэл оюунаар эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх “ЭНХМЭНД” платформ нээлтээ хийлээ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн эрдэмтэн, судлаачид болон хөгжүүлэгчдийн багийн бүтээсэн ЭНХМЭНД дижитал эрүүл мэндийн платформ өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Арга хэмжээний нээлтэд АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Б.Бейсен болон эрдэмтэн, судлаачид оролцлоо.
ЭНХМЭНД нь хиймэл оюун ухаан, машин сургалтын технологийг ашиглан хувь хүний эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, түүнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэндийн мэдээллийг судалгаа, шинжилгээ болон шийдвэр гаргалтад ашиглах боломж бүрдүүлсэн вэбэд суурилсан дижитал эрүүл мэндийн платформ юм.
Платформ нь “Эрүүл амьдралын хөтөч” болон “Хүн амын эрүүл мэндийн их өгөгдлийн сан” гэсэн хоёр үндсэн бүтээгдэхүүнтэй.
“Эрүүл амьдралын хөтөч” – Хүн бүрийн эрүүл мэндийн туслах “Эрүүл амьдралын хөтөч” нь иргэн бүрд нээлттэй бөгөөд enkhmend.mn хаягаар нэвтэрч ашиглах боломжтой.

Хөтөч нь хэрэглэгчийн онлайн асуумжаар цуглуулсан мэдээллийг АШУҮИС-ийн судлаачдын боловсруулсан алгоритмын дагуу шинжилж, тухайн хүний эрүүл мэндийн эрсдэлийг үнэлнэ. Үнэлгээний үр дүнд үндэслэн эрсдэлийг бууруулах хувь хүнд тохирсон зөвлөмж, шаардлагатай урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах чиглүүлгийг хүргэнэ.
Түүнчлэн эрүүл мэндийн боловсролыг дэмжсэн, шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан мэдлэг, мэдээллийн агуулгыг санал болгодог. Ингэснээр иргэн өөрийн эрүүл мэндийн эрсдэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг танин мэдэж, эрүүл амьдралын зөв сонголт хийх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно.
Цаашид платформын мэдээллийн санг эмнэлзүйн мэдээлэл, эмнэлгийн дүрс оношилгооны зураг, дижитал эмгэг судлалын өгөгдөл, геном болон уургийн дарааллын шинжилгээний мэдээллээр баяжуулан өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Ингэснээр хүн амын эрүүл мэндийн эрсдэлийг олон талт мэдээлэлд тулгуурлан судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү оновчтой төлөвлөх, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг дэмжих боломж нэмэгдэх юм.












