УХТЭ “Минут бүр үнэ цэнэтэй” уриан дор тархины харвалтаас урьдчилан сэргийлэх ҮЗЛЭГ зохион байгууллаа

Жил бүрийн аравдугаар сарын 29-нийг Дэлхийн харвалттай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ өдрийг тохиолдуулан Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ээс “Минут бүр үнэ цэнэтэй” уриан дор тархины харвалтаас урьдчилан сэргийлэх үзлэг, эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд иргэдийн эрүүл мэндийн байдлыг үнэлж, тархины харвалт үүсэхэд нөлөөлдөг гол эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Тухайлбал, артерийн даралт ихсэлт, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, илүүдэл жин болон амьдралын буруу хэв маягтай холбоотой эрсдэлийг үнэлжээ.
Тархины харвалт нь амь насанд аюул учруулахаас гадна хөдөлмөрийн чадвар алдагдах, хөгжлийн бэрхшээлтэй болоход хүргэх эрсдэлтэй өвчин юм. Гэвч эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж, шаардлагатай эмчилгээ, хяналтад хамрагдах, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх замаар харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Харвалтын үед минут бүр үнэ цэнтэй. Нүүрний нэг тал мурийх, гар хөл гэнэт сулрах, хэл яриа ээдрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй 103 дугаарт залгаж, түргэн тусламж дуудах шаардлагатай. Шинж тэмдэг богино хугацаанд арилсан ч эмнэлгийн тусламж авахаа хойшлуулж болохгүй.
Иргэн бүр эрүүл мэнддээ анхаарч, цусны даралт болон цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянуулан, харвалтын эрсдэлээ үнэлүүлэх нь өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм.
Харвалтаас сэргийлье. Шинж тэмдгийг эрт танья. Цаг алдалгүй тусламж авъя!


















