Э.Батшугар: Хүүхэд бүрийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламжид цаг алдалгүй холбоно

2026 оны 10 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “За бол заавал хий” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг эрчимжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.

Arslan.mn
Өнөөдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хамт Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн явц, хамрагдалттай танилцлаа.
2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар:
* Нийт хамрагдах хүүхэд — 291,998
* Үзлэгт хамрагдсан — 118,090
* Улсын хэмжээнд хамрагдалт — 40.4 хувь
Насны бүлгээр авч үзвэл 3 настай хүүхдийн хамрагдалт 46 хувь, 6 настай хүүхдийнх 45 хувь, 11 настай хүүхдийнх 40 хувь, 15 настай хүүхдийнх 30 хувь байна.

Arslan.mn

 НАС БҮРД ТОХИРСОН ҮЗЛЭГ, ҮНЭЛГЭЭ
Энэ удаагийн үзлэгт 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт тохирсон багц үнэлгээнд хамруулж байна.
Хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна 3 настайд хөгжлийн болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэл, 6 настайд зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэл, 11 настайд нурууны муруйлт, хавтгай тавхай, 15 настайд сэтгэл зүй, бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлнэ.
Эрт илрүүлгийн хамгийн чухал үр дүн нь зөвхөн хэдэн хүүхэд үзлэгт хамрагдсанаар хэмжигдэхгүй. Эрсдэл, өөрчлөлт илэрсэн хүүхэд бүрийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбож, цаашдын хяналтад хамруулах нь чухал.
Тиймээс бид хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус, сурч, хөгжиж буй цэцэрлэг, сургуулийн орчинд нь эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж, урьдчилан сэргийлэх ажлыг бодит үр дүнд хүргэхэд анхаарч байна.
Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч, урьдчилан бөглөх асуумжийн тусламжтайгаар хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг илүү нарийвчлан тодорхойлж байгаа нь чухал юм.
Хүүхдийн эрүүл мэндэд эртнээс анхаарч, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих, ирээдүйд үүсэж болзошгүй хүндрэлээс сэргийлэх үндэс билээ.
Хүүхэд бүрд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулж, эрсдэлийг эрт илрүүлэн, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671069
0 эможи

keyboard_arrow_up