ХӨСҮТ-ийн Сувилахуйн алба “Аюулгүй сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн есдүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.
Энэ хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сувилахуйн алба өнөөдөр “Аюулгүй сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
Сургалт, өдөрлөгт ХӨСҮТ-ийн удирдлагууд, эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга болон нийт 94 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Өдөрлөгийн хүрээнд оролцогчдыг өртөөчилсөн хэлбэрээр хуваарилан, сувилахуйн тусламж, үйлчилгээний аюулгүй байдалтай холбоотой онолын мэдлэгийг дадлага, ур чадвартай хослуулсан сургалтыг зохион байгуулсан юм.
Хөтөлбөрийн хүрээнд дараах сэдвүүдээр дадлага сургалт явууллаа. Үүнд:
- "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд сувилагчийн оролцоо” – Сувилахуйн албаны дарга Н.Норовжаргал
- “Яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилал, эрт сэрэмжлүүлэх үнэлгээ хийх” – Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Дэ.Оюунмандах
- “Унах эрсдэлийн үнэлгээ, үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах” – Цочмог гепатитын тасгийн ахлах сувилагч Б.Насанжаргал
- “Хүчилтөрөгчийн эмчилгээ, эрчимт эмчилгээний сувилагчийн хяналт”, “Үйлчлүүлэгчийг аюулгүй тээвэрлэх” – Эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Н.Мөнхзаяа
- “Гуурстай эмчлүүлэгчийн сувилгаа, халдвараас сэргийлэлт” – Мэс заслын сувилагч С.Баярмаа
- “Арьсны үнэлгээ хийх, холголт, цооролттой эмчлүүлэгчийн асаргаа, сувилгаа” – Эрчимт эмчилгээний тасгийн туслах сувилагч Б.Отгонцэцэг
- “Хүчилтөрөгчийн эмчилгээ, эрчимт эмчилгээний сувилагчийн хяналт”, “Үйлчлүүлэгчийг аюулгүй тээвэрлэх” – Эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Н.Мөнхзаяа
- “Үйлчлүүлэгчийг аюулгүй тээвэрлэх” -ийг туслах сувилагч Г.Соёлмаа нар тавьсан юм
Энэхүү сургалт, өдөрлөг нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах сувилагчийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх, тохиолдол, алдах дөхсөн тохиолдлыг хувь хүнд бус, тогтолцооны сул тал руу чиглүүлэн засаж, байгууллагын аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулахад чиглэсэн ач холбогдолтой боллоо.
















