Монгол Улсын баг ДЭМБ-ын “Exercise Crystal 2026” олон улсын дасгал сургуулилтад оролцлоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн зохион байгуулсан “Exercise Crystal 2026” олон улсын дасгал сургуулилтад Монгол Улсын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Тус дасгал сургуулилтын хүрээнд хүнсний аюулгүй байдалтай холбоотой эрсдэл, болзошгүй дэгдэлтийн үед мэдээлэл солилцох, эрсдэлийг үнэлэх, холбогдох байгууллагуудтай мэдээллийг шуурхай хүргүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах, хариу арга хэмжээг зохион байгуулах үйл явцыг бодит нөхцөлд ойртуулан дадлагажууллаа.
Монгол Улсын багт Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцов.

Дасгал сургуулилтын үеэр оролцогчид хүнсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэгтгэн боловсруулах, эрсдэлийн үнэлгээ хийх, иргэдэд сэрэмжлүүлэг болон шаардлагатай мэдээллийг хүргэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, олон улсын байгууллага болон бусад улс оронтой мэдээлэл солилцох чиглэлээр дадлага хийсэн юм.
Монгол Улс хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг олон улсын эрх бүхий байгууллага, сүлжээтэй шуурхай солилцох холбогдох журмыг шинэчилж буй энэ үед “Exercise Crystal 2026” дасгал сургуулилт зохион байгуулагдсан нь салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, эрсдэлийн үед шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

