П.АНХТУЯА: УНТЭ мэс заслын тусламж, үйлчилгээндээ шинэ хуудас нээж, “РОБОТ“ мэс заслыг нэвтрүүллээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг дэлхийн анагаах ухааны салбарын дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх, ард иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүргэх зорилгоор маш олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Тэгвэл энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Meerecompany-ийн зохион бүтээсэн "Revo-I" робот мэс заслын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяа, БНСУ-ын Meerecompany компанийн дэд захирал Lee Hokun багийн хамт, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Батболд, УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал П.Анхтуяа хэлсэн үгэндээ “УНТЭ-ийн мэс заслын тусламж, үйлчилгээнд түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн мөч өнөөдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн сайд асан Ж.Чинбүрэнгийн санаачилгаар одоогийн Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын гүйцэтгэлээр бид "Revo-I" робот мэс заслын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Уг системийг нэвтрүүлэхэд манлайлан ажиллаж буй УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн баг хамт олонд талархал илэрхийлье. Бид эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх зорилгоор БНСУ-д сургахаас гадна ХСҮТ-ийн хамт олонтой нягт хамтран ажиллаж эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэлээ. Цаашид бид уг технологийг өргөжүүлэх, иргэдэд үйлчлэх хүртээмжийг сайжруулах, ЭМД-д хамруулах, хүний нөөцөө бэлтгэх тал дээр анхаарч ажиллана.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр:
Аливаа эмнэлгийн хүчин чадлыг хоёрхон үзүүлэлтээр л хэмждэг болчихсон. Үүний нэг нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ бол нөгөөх нь робот мэс засал юм. Тэгвэл өнөөдөр УНТЭ-т маш сайхан үйл явдал тохиож бид үйл ажиллагаандаа "Revo-I" робот мэс заслын системийг нэвтрүүллээ. Робот мэс заслын тусламжтайгаар өвчтөнд аюул багатайгаар үйлчилгээ үзүүлэх, хүрц хэцүү эмгэгийг авахад гардаг хүнд бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой.
Мэс заслын эмч тус роботыг удирдаж тухайн өвчтөний эрхтэнг ялгах, оёдол тавих, хайчлах, тайрах зэрэг маш олон үйлдлийг хийдэг. ХСҮТ-д өнгөрсөн оны 12 дугаар сард нэвтэрсэн роботын дараагийн үеийн роботыг бид ийнхүү ашиглалтад орууллаа. Эрүүл мэндийн сайд асан Ж.Чинбүрэн “Монголын мэс заслын түүхэнд робот мэс заслыг нэвтрүүлэхэд маш чухал шийдвэрийг гаргаж, хөрөнгө оруулалтыг хийсэн. Өнгөрсөн хугацаанд энэ технологийг нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлсэн ЭМЯ, УНТЭ-ийн хамт олон, ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.
Энэ үеэр робот мэс заслын үйл ажиллагаанд оролцсон эмч, сувилагч нарт сертификат гардуулсан юм.





















