УГТЭ хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, оношилгооны талаар иргэдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зөвлөгөө өгч байна

Хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх, зөв оношилгоо, эмчилгээний талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой “Хүүхдийн зүрхний 7 хоног” аян өнөөдөр эхэллээ.
Тус аяныг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасаг зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний үр дүн, эмчилгээний дэвшил, амжилттай хийгдсэн нарийн төвөгтэй мэс заслын тохиолдол, мэс заслын өмнөх болон дараах үеийн тусламж үйлчилгээний талаар олон нийтэд мэдээлэх юм.
Мөн аяны хүрээнд “Эрт илрүүлэг ба оношилгоо” үйл ажиллагааг 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд өдөр бүр 13:00-16:00 цагийн хооронд Улсын гуравдугаар төв эмнэлгийн 322 тоотод зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, зүрхний эхо шинжилгээ, оношилгоо хийж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, мэдээллийг хүргэнэ.

Түүнчлэн хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний сүүлийн жилүүдийн үр дүн, эмчилгээний шинэ технологи, дэвшил болон олон улсын хамтын ажиллагааны талаар танилцуулж, зүрхний эмгэгийг эрт илрүүлэх, цаг алдалгүй оношлуулж, шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамрагдах нь хүүхдийн эрүүл мэнд, амьдралын чанарт чухал ач холбогдолтой болохыг олон нийтэд таниулах юм.
“Хүүхдийн зүрхний 7 хоног” аян 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд үргэлжилнэ.









