АУДИТ: Налайх дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Байгал хууль бусаар “тендергүй“ ₮1 тэрбумын шууд худалдан авалт хийсэн ЗӨРЧИЛ илэрчээ

Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2026 оны 02-р сарын 25-нд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "Хязгаарлалттай дүгнэлт" гаргажээ.
Тодруулбал, аудитаар нийт 1,4 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 5,2 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 1,19 тэрбум төгрөгийн зөрчилд 3 албан шаардлага хүргүүлж, 268 сая төгрөгийн зөрчилд 4 зөвлөмж хүргүүлжээ.
Төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайлангийн аудитаар 1,4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь аудитын тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан тул ийнхүү “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.
Тухайлбал, хууль, журам зөрчиж, 2025 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлаагүй, тендер зарлахгүйгээр төсвийн 1 тэрбум төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл, аж ахуйн материалыг ШУУД ХУДАЛДАН АВАЛТ хийсэн зөрчил илэрчээ.
Ташрамд дурдахад, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар Л.Байгал 2019 оны есдүгээр сараас эхлэн одоо хүртэл ажиллаж буй.

