С.ЯНЖМАА: Бөөрний архаг үрэвслийн үед банана, чавга, үзэм, брокли, яншуй зэрэг калиар баялаг хүнсийг хязгаарлах шаардлагатай

УХТЭ-ийн Бөөр, гемодиализийн эмч С.Янжмаа бөөрний архаг үрэвслийн үеийн хооллолтын талаарх мэдээллийг хүргэж байна.
Бөөрний архаг үрэвсэл нь нас баралтаар тэргүүлдэг өвчлөлийн нэг. Бөөрний архаг үрэвслийн үед хооллолт маш чухал байдаг. Энэ үед уургийн хэрэглээг маш сайн зохицуулах хэрэгтэй. Бөөрний архаг үрэвслийн 3-5 дугаар үед уургийн хэрэглээг хязгаарладаг. Харин гемодиализийн эмчилгээнд орж эхэлсэн бол уургийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг.
Үүнээс гадна бөөрний архаг үрэвслийн үед калийн хэрэглээг хязгаарлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл банана, чавга, үзэм, усан үзэм, чангаанз, брокли, яншуй, буйцай, жууцай зэрэг нь калийн агууламж өндөртэй.
Фосферын хэрэглээг мөн анхаарах ёстой. Амьтны гаралтай буюу мах, ургамлын гаралтай буюу үр тариаг хязгаарлаж, маш нарийн хэмжиж хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.
