М.Болортуяа: Нэгэнт бөөрний үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн бол эргэж эрүүл болохгүй

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд зориулсан зөвлөгөө мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаа бид УХТЭ-ийн Бөөр, гемодиализийн эмч М.Болортуяагаас бөөрний өвчлөл, архаг үрэвслийн талаар тодрууллаа.
Тэрээр "Бөөрний архаг үрэвсэл нь таван үе шаттай байдаг. Бөөрний түүдгэнцэрийн хурд буурч 60 хувиас доош болж эхэлсэн үеэс эхлэн бөөрний архаг үрэвслийн гуравдугаар үе шат буюу бөөрний архаг дутмагшил гэж нэрлэдэг.
Бөөрний архаг үрэвсэл нь эхний үедээ өвчтөнд ямар ч зовуурь, шаналгаа өгдөггүй. Харин хүндэрсэн цагаас эхлэн зовуурь өгөх буюу хоолонд дургүй болох, дотор муухай оргих, хавагнах, ядарч сульдах, бие загатнах, шээсний гарц багасах зэрэг шинж тэмдэг илэрч, хожуу оношлогдох тохиолдол байдаг.
Чихрийн шижин, артерын даралт ихсэлт, зүрх судасны өвчин, өндөр настай, таргалалттай, тамхи татдаг, өмнө нь бөөрний архаг дутмагшилтай зэрэг өвчлөлтэй бол жилдээ 1-2 удаа шинжилгээ өгч хянаж байх хэрэгтэй.
Нэгэнт бөөрний үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн бол эргэж эрүүл болно гэж байхгүй. Харин эрт илрүүлж, эмчилгээг эрт эхлүүлснээр бөөрний өвчлөлийг хүндрүүлэхгүй байх боломжтой.
Бөөр нь хорт бодисыг цэвэршүүлж шингэнийг гадагшлуулахаас гадна цус төлжилт, яс эрдсийн солилцоонд оролцож байдаг эрхтэн юм. Энэ тогтолцоо алдагдсанаар цус багадах, яс, эрдсийн солилцооны эмгэг болох бодисын солилцооны хүчилшил үүсэх зэрэг хүндрэл гардаг.
Бөөр хамгаалах эмчилгээг тогтмол хийлгэснээр эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй байдаг. Хэрэв бөөрний архаг үрэвслийн дөрөвдүгээр үе шатанд орвол бөөр шилжүүлэн суулгах мэс засалд бэлтгэх шаардлагатай болдог.
Тиймээс та бүхэн урьдчилан сэргийлэх оношилгоонд тогтмол хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалаарай." гэдгийг онцолсон юм.
