ФОТО: Дэлхийн цөмийн анагаах ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд Улаанбаатар хотноо чуулж байна

Дэлхийн цөмийн анагаах ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд Улаанбаатар хотноо чуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй "Хавдрын тусламж үйлчилгээнд цөмийн анагаах ухааны дэвшилтэт технологийн хэрэглээ ба эмнэлзүйн ач холбогдол" олон улсын хурал Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд эхэллээ. Тус хурлыг ЭМЯ, УХТЭ-ээс УНТЭ, Бриллиант эмнэлэг зэрэг хувийн хүшлийнхэнтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Зургадугаар сарын 25-наас 27-ныг хүртэл үргэлжлэх энэ хуралд дэлхийн 10 орны 11 эрдэмтэн профессор, дотоодын 100 орчим эмч, судлаач оролцож, салбарынхаа хамгийн сүүлийн үеийн нээлт, судалгаа, туршлагаа хуваалцан танилцуулж байна.

Цөмийн анагаах ухаан нь өвчний эмгэг өөрчлөлтийг эд эрхтний бүтэц бус, эс, бодисын солилцооны түвшинд илрүүлдгээрээ бусад салбараас ялгардаг. Энэ нь хорт хавдрыг хамгийн эрт үед нь оношлох боломжийг олгодгоороо онцлог юм. Монгол Улс ПЭТ/КТ шинжилгээ хийх, түүнчлэн циклотронд суурилсан цацраг идэвхт эмийг өөрийн орондоо үйлдвэрлэх чадавхтай болсон нь эрүүл мэндийн салбарын томоохон дэвшил болсон билээ.
Хурлын үр дүнд Монголын эрүүл мэндийн салбар олон улсын тэргүүн туршлагатай танилцаж, хамтарсан судалгаа явуулах боломж бүрдэнэ. Эцсийн дүндээ энэ нь иргэдэд эрт оношилгоо, чанартай эмчилгээ хүргэх, хорт хавдартай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.











