П.АЛТАНЦЭЦЭГ: ДЭМБ-ын стандартын шаардлагыг бүрэн хангасан лабораторийн тусламжтайгаар шинжилгээний хүлээгдэл 50 хувиар буурна

Өнөөдөр жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийх, хяналт, шинжилгээний чадавхыг олон улсын түвшинд хүргэх хүчин чадалтай “Үндэсний лавлагаа лаборатори“ ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Энэ үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг хэлсэн үгэндээ "ДЭМБ болон ЭМЯ хамтран 2025 онд эхлүүлсэн 1.8 сая ам.долларын өртөгтэй олон улсын GLP (Good Laboratory Practice) болон ДЭМБ-ын ML3 стандартын шаардлагыг бүрэн хангасан лаборатори өнөөдөр ашиглалтад орж байна.
Шинэ лабораторид нийт 49 нэр төрлийн 77 тоног төхөөрөмжийг үе шаттайгаар суурилуулж байна. Өнөөдрийн байдлаар 35 төхөөрөмжийг суурилуулаад байгаа бөгөөд ирэх 8 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгана. Мөн хийн систем, агааржуулалт болон уурын системийг олон улсын эмийн чанарын лабораторийн түвшинд хүргэсэн.
Шинэчлэгдэж буй чиглэлүүдэд өндөр идэвхт хроматограф, микробиологи, уламжлалт болон ургамлын эмийн, химийн лабораторийн тоног төхөөрөмжүүд бүрэн шинэчлэгдэж, сорьц хадгалах олон улсын стандартын хөргүүрүүдийг нийлүүлсэн бөгөөд ингэснээр лабораторийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэх юм.
Лаборатори нь Лабораторийн хүчин чадал нэмэгдсэнээр жилд шинжилдэг байсан 2000 сорьц, дээжийн тоо 4000 болж өсөх бөгөөд шинжилгээний хүлээгдэл 50 хувиар буурах гол үр дүнтэй." хэмээлээ.


