“Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд сувилагч, тусгай мэргэжилтний оролцоо” тэмцээн 10 дахь жилдээ боллоо

Амь тэнссэн яаралтай үеийн нөхцөлд амилуулах суурь тусламж үйлчилгээг стандарт, удирдамжийн дагуу түргэн шуурхай үзүүлэх мэдлэг, ур чадвар, багаар ажиллах чадамжийг хөгжүүлэх зорилготой “Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд сувилагч, тусгай мэргэжилтний оролцоо” сэдэвт ур чадварын тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Тэмцээнд эмнэлгийн 24 тасаг, нэгжийг төлөөлсөн хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орсон сувилагчид болон ажлын 0–3 жилийн туршлагатай шинэ сувилагч, тусгай мэргэжилтнүүдээс бүрдсэн 5 баг оролцож, яаралтай болон амилуулах тусламжийн үеийн мэдлэг, ур чадвар, багаар ажиллах чадамжаа сорин өрсөлдөв.

Энэ удаагийн тэмцээнээр яаралтай тусламжийн үед түгээмэл тохиолддог цочмог эмгэгийн үеийн тусламж үйлчилгээ, амилуулах тусламжийн талаарх мэдлэг, холбогдох тушаал, журам, удирдамжийн хэрэгжилтийг үнэлэхийн зэрэгцээ тохиолдолд суурилсан сорилуудаар оролцогчдын практик ур чадварыг шалгалаа.
Мөн тэмцээний үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэж, нийт 150 гаруй эмч, резидент эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд үзэж сонирхон, мэдлэг, туршлагаа харилцан солилцов.
Тэргүүн байр – “No Flatline” баг
(Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ерөнхий эмчилгээний тасаг, Зөвлөх поликлиник, Мэдрэлийн мэс заслын тасаг)
Дэд байр – “Алтан минут” баг
(Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Бөөр дотоод шүүрлийн тасаг, Зүрх судасны тасаг, Урологи, андрологийн тасаг)
Гутгаар байр – “Blue Angel” баг
(Харвалтын тасаг, Ерөнхий мэс заслын тасаг, Эмнэл зүйн лавлагаа лаборатори, Мэдрэл судлалын тасаг, Нүдний мэс заслын тасаг)
Тэмцээн нь оролцогчдын мэдлэг, ур чадварыг үнэлэхээс гадна туршлага солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа.


