Улсын Хоёрдугаар төв эмнэлгээс төрөн гарсан шинэхэн “ГАВЬЯАТАА“ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзаж, Цар тахлын үед цаг наргүй ажиллаж, олон мянган хүнийг эмчилж, амь насыг аварсан эрүүл мэндийн салбарын хамт олон, гэр бүлд нь Ерөнхийлөгч ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэн эрүүл мэндийн салбарт хийгдсэн бүтээн байгуулалт, эмч мэргэжилтнүүдийн цалин хөлс, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулах зэрэгт бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн.
Үүнээс гадна энэ үеэр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Тусгай тасгийн сувилагч Бямбаагийн Лхагваад Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээсэн билээ.

Тэгвэл өнөөдөр УХТЭ-ийн удирдлагууд шинэхэн гавьяатыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн салбарт тэр дундаа Улсын Хоёрдугаар төв эмнэлгээр овоглон тасралтгүй 40 жил ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэсэн танд халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье. Цаашид хоёрдугаар эмнэлэгтээ ажиллаж, залуу боловсон хүчиндээ мэддэг, чаддаг бүх зүйлээ уламжлуулан үлдээхийг хүсье” хэмээлээ.
Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цол хүртсэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Тусгай тасгийн сувилагч Бямбаагийн Лхагваа нь 1986 оноос хойш УХТЭ-тээ сувилагчаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хамт олноо манлайлан, зааж, зөвлөн ажиллаж байгааг хамт олон нь энэ үеэр дурдаж байлаа.




