Хоёрдугаар эмнэлэг SPECT/CT тоног төхөөрөмжийг суурилуулснаар цөмийн анагаах ухааны тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдлээ

Өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвд Олон улсын атомын энергийн агентлагийн МАН6023 төслийн хүрээнд нийлүүлэгдсэн SPECT/CТ дэвшилтэт тоног төхөөрөмжийг суурилуулан албан ёсоор ашиглалтад оруулах үйл ажиллагаа боллоо.

Үйл ажиллагааг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсад цөмийн анагаах ухааны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, технологийн чадавхийг шинэ шатанд гаргахад бодит хөрөнгө оруулалт хийсэн Олон улсын Атомын энергийн агентлаг, ЭМЯ, Цөмийн энергийн комисс, УНТЭ болон хамтран ажилласан бүх байгууллага, хамт олонд юуны түрүүнд талархал илэрхийлье.
Олон улсын Атомын энергийн агентлагийн 100 хувийн санхүүжилтээр буюу 540,122 еврогийн өртөг бүхий Унгар Улсын Mediso компаний Anyscan SC загварын хоёр толгойт уг тоног төхөөрөмж ашиглалтад орсноор манай эмнэлэг цөмийн анагаах ухааны тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдэж байна.” хэмээлээ.

Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин:
Монгол Улсын хэмжээнд цөмийн анагаах ухааны салбарт хоёр дахь цогц төв ашиглалтад орж байна. Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд маш олон ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна. Үүний нэг нь энэ ажил юм. Бид хүний нөөцийг өндөр түвшинд бэлдсэнээс гадна молекул түвшинд эм үйлдвэрлэх чадамжтай лабораторитой болоод байна.
Цөмийн анагаах ухааны тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлж эхэлснээр иргэдийн гадагш зорчих хөдөлгөөнийг бууруулж, эх орондоо эдийн засгийн урсгалыг үлдээх боломжтой болох юм. Халдварт бус өвчин буюу зүрх судас, бамбай, ясны өвчин зэрэг маш олон өвчнийг эрт оношилж, эмчлэх боломж бүрдэж байгаад баяртай байна.
УХТЭ-ийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч Г.Энхбат:

Mediso компаний Anyscan SC загварын хоёр толгойт уг тоног аппарат нь хосолмол өндөр нарийвчлалтай дэвшилтэт технологи бөгөөд эрхтэн, эдийн үйл ажиллагаа болон бүтцийн өөрчлөлтийг нэг дор, уялдаа холбоотойгоор нарийвчлал өндөртэй тодорхойлох боломжийг олгодгоороо бусад оношилгооны тоног төхөөрөмжөөс давуу талтай. Уг тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар цөмийн оношилгоо үйлчилгээний хүртээмж үндэсний хэмжээнд бодитоор нэмэгдэнэ. Хавдар болон нарийн төвөгтэй өвчний оношилгооны хүлээгдэл буурч, судалгаа, сургалт, инновацийн суурь чадавх бэхжинэ гэж харж байгаа.

Цаашид уг аппаратын тусламжтайгаар эмчилгээ, оношилгоондоо аргачлалуудыг хийх боломж нээгдэнэ. Үүнд :
- Зүрхний цусан хангамжийн тайван болон ачаалалтай сцинтиграфийн оношилгоог өргөжүүлж, зүрхээр өвддөг гэсэн өгүүлэмжтэй хүмүүст, далд ишеми болон шигдээсийг ялган оношлох аргачлалыг эмнэл зүйн салбарт илүү өргөн хүртээмжтэй хийх.
- Зүрхний цусан хангамжийн ачаалалтай сцинтиграфийн шинжилгээнд эмийн ачааллыг нэвтрүүлэх
- Элэг цөсний замын динамик үйл ажиллагааг үнэлэх аргачлал
- Уушгины тромбоэмболийн цусан хангамжийн болон агааржилтын сцинтиграфи
- Тархины цусан хангамжийн болон бодисын солилцооны зарим эмгэгүүд /тархины үхжил, алцгеймер, эпилепсийн оношилгоо/
- Түрүү булчирхайн хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ /Lu -177/
- Ясны өвдөлт намдаах хөнгөвчлөх эмчилгээ
- Үе мөчний үрэвсэлт эмгэгүүдийн өвдөлт намдаах эмчилгээг шинээр нэвтрүүлэх
- Элэгний хорт хавдрыг эмчлэх Re-188 липоидол эмчилгээг үргэлжлүүлэх боломж бүрдэх аж.










