Халдварт өвчинтэй тэмцэж буй эмч, мэргэжилтнүүд цуглаж, 100 гаруй жилийн түүхт салбарын өнөөгийн чиг хандлагыг хэлэлцэж байна

Халдварт Өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС хамтран Дэлхийн эмч нарын баярын өдөрт зориулан “ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА-2026: ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦСЭН 100 ЖИЛД” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Хурлын үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, АШУҮИС-ийн профессор, Монголын анагаах ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич О.Баатархүү, АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн дэд профессор Р.Оюунгэрэл болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Хурлын үйл ажиллагааг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол улсад Халдварт өвчинтэй тэмцэх орчин цагийн халдварт өвчний салбар үүсэн бий болсны 100 жилийн ойг тохиолдуулан эмч, мэргэжилтнүүдийнхээ мэдлэг оюуныг тэлэх, туршлагаа хуваалцах зорилгоор уг хурлыг зохион байгуулж байна.Одоогоос 100 жилийн өмнө халдварт өвчинтэй тэмцэх анхны нэгжүүд Монгол улсад байгуулагдаж байжээ. 100 жилийн дараа ч Халдварт өвчний асуудал тулгамдсан асуудал хэвээр байсаар байна.
ХӨСҮТ ба АШУҮИС хамтран зохион байгуулж буй энэхүү хурал нь цаг үеээ олсон чухал хурал бөгөөд халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээ, эмчилгээг хамарсан асуудлыг хөндөж , цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

АШУҮИС-ийн профессор, Монголын анагаах ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич О.Баатархүү:
АШУҮИС, ХӨСҮТ хамтран “Халдварт өвчний орчин үеийн чиг хандлага-2026: Халдварт өвчинтэй тэмцсэн 100 жилд” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж байна. Дэлхий даяар шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний тархалт ихэсч байна. Ялангуяа коронавирусийн цар тахлын дараа улаанбурхан, гэдэсний халдварт өвчин, тууралтат халдварууд ихсэх хандлагатай байна. Тэгвэл өнөөдрийн хурлаар дээрх бүх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж байна.
Халдварт өвчнөөс хоёр арга замаар сэргийлж болдог. Үүний нэг нь вакцин юм. Тиймээс иргэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинд хамрагдах хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн Эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр, гадаад харилцааны албаны дарга О.Батбаяр:
Цар тахлын дараа халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд өөрчлөлт орж байна. Вакцины хамрагдалт суларснаар зарим төрлийн халдварт өвчин дахин дэгдэж байна. Үүний нэг бол улаанбурхан өвчин юм. 2024 оноос хойш Монгол улсад бүртгэгдэж эхэлсэн улаанбурхан өвчний халдвараар өнөөдрийн байдлаар 14,000 иргэн өвчилж, 5,000 гаруй иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж, 15 иргэн амиа алдсан байна. Тиймээс энэ халдварт өвчний үед нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед авах хариу арга хэмжээг сайжруулж, боловсон хүчин, эрх зүйн орчин, дэд бүтцээ бэлдэх ёстой байна.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар олон олон сонирхолтой илтгэлүүд тавигдаж байна. Үүний нэг нь улаанбурхан өвчний үеэр дархлааны эсүүд ой санамжаа алдаж, өөр төрлийн халдвар дэгдэх эрсдэл байгааг танилцуулж байна. Энэ мэт эмч нар маань олон илтгэлийг хэлэлцэж, туршлагаа хуваалцаж байна.

АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн дэд профессор, АУ-ны доктор Р.Оюунгэрэл:
Халдварт өвчин судлал гэдэг нь маш том салбар. Тэгвэл ХӨСҮТ-ийн хамт олон Дэлхийн эмч нарын өдрийг угтан эмч, мэргэжилтнүүдийнхээ мэдлэгийг тэлэх, туршлагаа хуваалцах, эрдэм судлалын үйл ажиллагааг нь дэмжих, хөгжүүлэх зорилготой эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Хүнээс үл хамаарах хоёр өвчин байдаг. Үүний нэг нь халдварт өвчин юм. Энэ өвчнийг устгахад зөвхөн мэргэжилтнүүд л зүтгээд хүчрэхгүй. Иргэд, салбар хоорондын нягт харилцаа, анагаахын чиглэлээр сурч буй бүх л мэргэжилтнүүдийн хичээд зүтгэл хамгийн чухал. Халдварт өвчин цаашид ч дэгдсээр л байх болно. Тиймээс мэргэжилтнүүд сонор сэрэмжтэй байж, эрт илрүүлж, тууштай тэмцэх ёстой.
Үүнээс гадна манай иргэд урьдчилан сэргийлэхийн тулд вакциндаа хамрагдах ёстой. Та вакциныг эсэргүүцээд хүүхэддээ тариулахгүй байж болно. Тэгэхдээ таны хүүхэд вакцинд хамрагдаагүйгээс болоод маш олон халдвар дэгдэж, өрөөлийн хүүхэд үхэлд ч хүрэх эрсдэлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Эрдэм шинжилгээний хуралд халдвар судлалын чиглэлээр ажиллаж буй эмч, сувилагч нараас 80 гаруй илтгэл ирсэн бөгөөд аман болон ханын төрлөөр шилдэгүүдээ шалгаруулах юм.







