ЭМЯ, ДЭМБ хамтран хэрэгжүүлж буй “Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт” төсөл өнөөдрөөс эхэллээ

Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг “Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр” болгон зарлаж, тодорхой уриан дор тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ онд “Амьсгал бүр чухал” уриан дор тэмдэглэж, дэлхий нийтээр сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлэхийг анхааруулж байна.
Тэгвэл энэ хүрээнд ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, Глобаль сан хамтран сүрьеэг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд цаг алдалгүй холбох, эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан илрүүлэлтийн тогтвортой загварыг бүрдүүлэх зорилготой “Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт” төслийг өнөөдрөөс эхлүүллээ.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, ДЭМБ-ын Төв оффисын ХДХВ, сүрьеэ, вируст гепатит болон бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантетай, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, ХУД-ийн Засаг дарга Б.Цэрэн болон бусад холбогдох албаныхан, мэргэжилтнүүд оролцлоо.

Үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин хэлсэн үгэндээ “Нийслэлийн хамгийн их хүн амтай Хан-Уул дүүрэг болон Баянзүрх дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг хийх төсөл өнөөдрөөс эхэллээ.
ДЭМБ-аас сүрьеэгүй дэлхийтэй болцгооё уриалгыг дэвшүүлж, 2025 оны 12 дугаар сараас эхлэн сүрьеэгийн эсрэг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх төслийг боловсруулж, өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж байна. Эрт илрүүлгийг орчин үеийн арга, технологийн тусламжтайгаар цаг хугацааны хувьд хурдан оношлох, дэвшилтэт AI оношилгооны аргыг ашиглах, зөөврийн рентген зэрэг орчин үеийн оношилгооны аргуудыг цогцоор нь ашиглана. Бидний зүгээс бүх суурь баазаа, бэлтгэл ажлаа хангачихлаа тиймээс иргэд та бүхэн эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ДЭМБ-ын Төв оффисын ХДХВ, сүрьеэ, вируст гепатит болон бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева:
Маргааш дэлхий дахинаа Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг хамтдаа тэмдэглэх гэж байна. Жилдээ 10,7 сая хүн энэ өвчнөөр өвдөж, 1,23 сая хүн уг өвчний улмаас амв насаа алдаж байна. Сүрьеэ өвчин нь турьдчилан сэргийлэх боломжтой, бүрэн эмчлэх боломжтой өвчин. Сүүлийн жилүүдэд уг өвчний эмчилгээг богино хугацаанд хийх, тарилгыг бууруулах зэрэг маш олон инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүд гарч байгаа. Тиймээс Монгол Улс энэ өвчнийг бүрэн устгаж чадна гэж харж байна. Сүрьеэ өвчнийг устгах чиглэлээр ЭМЯ, ДЭМБ олон жилийн турш хамтран ажиллаж байна. ДЭМБ-аас сүрьеэ өвчний оношилгооны шинэ удирдамжийг батлан гаргасан. Үүгээрээ хялбар аргаар шинжилж, эрт илрүүлэх боломжтой болсон.
Үүнээс гадна сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг гаргаж, удахгүй хийж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Гурван жилийн өмнө бид удаан хугацаанд сүрьеэгийн эмчилгээг хийдэг байсан бол одоо эмчилгээний арга сайжирч, хугацаа нь богиноссон.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд хэлсэн үгэндээ “ДЭМБ, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Баянзүрх дүүрэгт сүрьеэгийн эрт илрүүлгийн төсөл хэрэгжиж эхлэхээр боллоо. Уг төсөл нь нэг жилийн хугацаанд хэрэгжих юм. Идэвхтэй илрүүлгийг оновчтой байлгахын тулд ДЭМБ-аас тусгай зөвлөхийг урьж, идэвхтэй илрүүлгийг хийх арга, аргачлалын зөвлөгөөг авсан. Уг хоёр дүүрэг нь хүн амын нягтаршил өндөр, сүрьеэгийн өвчлөл мөн өндөр учраас сонгож авсан.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн ам, сүрьеэгийн эрсдэлт бүлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулна. Нийт 330,000 орчим иргэдийг илрүүлэлтэд хамруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Иргэд өөрт ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төвд хандаж, сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгт хамрагдах боломжтой. Илрүүлэлтийг явуулын баг, эрүүл мэндийн байгууллагад суурилсан арга, их, дээд сургуулийн оюутны дундах илрүүлэлт гэсэн чиглэлээр зохион байгуулна.













