2025 онд нийслэлд 314 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, 66 эмэгтэй нас баржээ

Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай сурагчдыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинд хамруулж буй.
Энэ талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар "Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг АНУ-д үйлдвэрлэсэн Gardasil вакциныг товлолт байдлаар хэрэглэж байна.
2006 онд анх үйлдвэрлэгдсэн уг вакциныг дэлхийн 194 оронд хэрэглэдэг бөгөөд 2007 оноос АНУ, Швед, Австрали зэрэг улс товлолт байдлаар хэрэглэж умайн хүзүүний хорт хавдар өвчнийг устгаж чадсан.
Gardasil вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас гадна ам, залгиур, үтрээ, шодойн хавдар болон бусад өвчнүүдийн эсрэг дархлаа тогтоодог.
2025 онд зөвхөн нийслэлд 314 ээж умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон. Үүнээс 62% нь хожуу оношлогдож, 66 ээж нас барсан.
Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг энэ онд есөн дүүргийн 257 сургуулийн 1,184 бүлэгт суурилан 40,377 тарихаар ажиллаж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө вакцинд нь заавал хамруулаарай. Та бүхэнд үүрэг бий шүү" хэмээн мэдээллээ.
Улсын хэмжээнд 2024 онд 8,162, 2025 онд 8,016 хүн умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогджээ.
