ХӨСҮТ-д шинэ үеийн генийн дараалал тогтоох “NGS“ тоног төхөөрөмжийг суурилуулжээ

БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг (KDCA)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Миракл төсөл ( MIRACLE Project)-ийн хүрээнд Монгол Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Нян судлалын лабораторид шинэ үеийн генийн дараалал тогтоох (NGS) тоног төхөөрөмжийг нийлүүлэн суурилуулжээ.

Тоног төхөөрөмжийг суурилуулахын өмнө 2025 оны 9 дүгээр сард ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторийн ажилтнуудад зориулан NGS-ийн чадавх бэхжүүлэх сургалтыг БНСУ-д зохион байгуулж, суурь онол, лабораторийн дадлага, өгөгдөл шинжилгээний сургалтыг хамтад нь хэрэгжүүлсэн.
Үүний дараа 2025 оны 12 дугаар сард тоног төхөөрөмжийн суурилуулалтыг бүрэн дуусган, 12 дугаар сарын 22–24-ний өдрүүдэд 3 хоногийн турш ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторийн байранд бодитоор тоног төхөөрөмжийг ашиглан хэрэглээнд дадлагажуулах сургалт (On-site Training)-ыг зохион байгууллаа.

Ирэх 2026 оны эхний хагаст мөн давтан сургалт хийхээр төлөвлөсөн бөгөөд, цаашид тасралтгүй техникийн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлэн , Бичил биетний тэсвэржилтийн генийн шинжилгээнд суурилсан тэсвэржилтийн механизм тогтоох, тэсвэржилтийн тархалтыг хянах чадавхыг тогтвортойгоор бэхжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна.
