Э.Анхбаяр: Хоёрдугаар эмнэлэг АШУҮИС-тай хамтран “Эрдмийн өргөө“-г байгуулж, эмнэлэг дээрээ суралцах орчныг бүрдүүллээ

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь АШУҮИС-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг.
Тэгвэл энэ хүрээнд оюутнуудыг ажлын байран дээр сургах, резидент эмч нарыг чадварыг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг төгөлдөршүүлэх зорилгоор байгуулагдсан "ЭРДМИЙН ӨРГӨӨ"-г ашиглалтад орууллаа.
Тус үйл ажиллагаанд УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, УХТЭ-ийн дэд захирал Д.Цогт-Очир, АШУҮИС-ийн багш Ө.Цолмон болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр хэлсэн үгэндээ "УХТЭ АШУҮИС-тай хамтран ажиллаж, "Эрдмийн өргөө"-г ашиглалтад оруулж байна. Тус танхим ашиглалтад орсноор эмч, оюутнууд эмнэлэг дээрээ суралцах, эрдэм шинжилгээний ажлыг чанартай хийх боломж бүрдэж байна. Сургалтын үйл ажиллагааг АШУҮИС-ийн багш нар удирдан зохион байгуулна." гэдгийг энэ үеэр онцоллоо.

АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж "УХТЭ-ийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд манай сургуулийн эмч, мэргэжилдтнүүдтэй хамтран уг төвийг ашиглалтад орууллаа. Хоёрдугаар эмнэлэгт байгуулагдсан хичээлийн танхимыг ашиглан гурван түвшний сургалт эмнэлэг дээр явагдана. Цаашид үндэсний лавлагаа шатны эмнэлгүүдэд энэ төрлийн сургалтын төвийг байгуулах ажлыг санаачлан, эхлүүлээд явж байна" хэмээлээ.







