Э.АНХБАЯР: 47 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ЭРДМИЙН ЧУУЛГАН“-д хамгийн их буюу 100 гаруй бүтээл ирж, шилдгүүдээ шалгарууллаа

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь эрдэм мэдлэг, инновацын уламжлалаа хадгалан 47 дахь удаагийн "Эрдмийн чуулган"-аа энэ сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Чуулганд УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, УХТЭ-ийн дэд захирал Д.Цогт-Очир болон бусад эмч, сувилагч, мэргэжилтнүүд оролцлоо.

Чуулганыг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр хэлсэн үгэндээ "Хоёрдугаар эмнэлэг нь жил бүр "Эрдмийн чуулганаа зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулдаг. Энэ удаагийн эрдмийн чуулганд нийт 103 бүтээл ирсэн. Үүнээс гадна харьяа орон нутгийн эмнэлгээс бүтээлээ ирүүлсэн онцлогтой байлаа. Бид энэ ондоо олон шинэ технологийг нэвтрүүлж, үйлчүүлэгч төвтэй эмнэлэг болон ажиллаж байна. Цаашид эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх, чадавхжуулах тал дээр үргэлж анхаарч ажиллана" гэдгийг энэ үеэр онцоллоо.
Энэ удаагийн "Эрдмийн чуулган"-д эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдээс нийт 103 эрдэм шинжилгээний бүтээл ирүүлсэн нь бүх цаг үеийн хамгийн олон бүтээл хүлээн авсан, өргөн цар хүрээтэй болсноороо онцлогтой боллоо. Түүнчлэн сувилагч болон тусгай мэргэжилтнүүд дангаараа 27 илтгэл ирүүлж, салбар хуралдаанаа 2025 оны 10-р сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулан, шилдгүүдээ шалгаруулсан.

Мөн энэ удаагийн Эрдмийн чуулганы бас нэгэн онцлог нь Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгийн эмнэлгүүд, Багануур, Багахангай, Налайх дүүргийн эмч нар өөрсдийн судалгааны үр дүн, туршлагаа хуваалцаж, эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлсэн. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, тэргүүлэх зэрэгтэй, АУ-ы доктор, дэд профессор Энхбаяр эмч нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирж аман илтгэлээ хэлэлцүүлсэн нь талархууштай байлаа.
Нэгдсэн хуралдаанд “шилдэг” 20 аман илтгэл, 14 ханын илтгэлүүд хэлэлцүүлэгдсэнээс
Аман илтгэлийн төрөлд:
- 1-р байрт А.Ханхонгор /Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч/,
- 2-р байрт Ц.Уянга /Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч/,
- 3-р байрт Г.Янжинлхам /Яаралтай тусламжийн тасгийн эмч/ нар шалгарлаа.
Ханан илтгэлийн төрөлд:
- 1-р байрт Д.Батжаргал /Нүд судлалын тасгийн эрхлэгч/,
- 2-р байрт Т.Буянтогтох /Дурангийн төвийн эмч/ нар шалгарлаа.
Эмнэлзүйн ховор тохиолдлын төрөлд:
- Н.Тайван /Ерөнхий мэс заслын тасгийн эмч/ тус тус шилдэг судалгааны төрлүүдэд шалгарлаа.
Мөн Эрүүлийн хамгаалахын гавъяат ажилтан, 26 дахь Эрүүл мэндийн сайд, АУ-ы доктор, Дэд профессор А.Цогцэцэг нь энэ жилээс өөрийн нэрэмжит шагналыг жил бүр гардуулахаар болсон. Энэхүү шагналыг Н.Нарансайхан /Ерөнхий мэс заслын тасгийн эмч/ болон Ж.Уламсайхан /Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч/ нар хүртлээ.

























