“Глобаль сангийн Женев дэх төв”-өөс МУ-ыг хариуцсан баг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник болон үндэсний лавлагаа лабораторид ажиллаж байна

ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх “Глобаль сангийн Женев дэх төв”-өөс Монгол Улсыг хариуцсан баг 2025 оны 11-р сарын 3-14-ний өдрүүдэд айлчлал хийж байна.
Глобаль сангийн төвийн баг энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол Улсад хэрэгжиж байгаа ДОХ болон сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилт, биелэлттэй танилцаж, үр дүн, тулгамдаж байгаа саад бэрхшээлийг тодорхойлох, үр дүнд суурилсан санхүүжилтын хэлбэрт шилжих асуудлыг хэлэлцэх зэрэг техникийн уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.
Мөн ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник, Сүрьеэгийн үндэсний лавлагаа лаборатори болон орон нутгийн нэгжүүдэд ажиллана.
Айлчлалын багийг ахлан Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамба болон Нийтийн эрүүл мэнд, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Владимир Микик, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Манусика Рай, Тогтвортой байдал, шилжилт, хамтарсан санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Гонзало Пенакоба Фернандез нар хүрэлцэн ирсэн.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал С.Энхболд, Төвийн үйл ажиллагаа, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал М.Ганзориг, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Г.Гантунгалаг нар айлчлалын багийг угтан авч уулзлаа.

Уулзалтын үеэр ерөнхий захирал С.Энхболд Глобаль сангийн төслийн тогтвортой, урт хугацааны санхүүгийн томоохон дэмжлэгтэйгээр төсөл амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглэж, гүн талархал илэрхийлэн, ирээдүйд хэрэгжүүлэх төслийн үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр бүхий л дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу уулзалт, хэлэлцүүлгүүд үргэлжлэн хийгдэж, Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөл, Хөтөлбөр зохицуулах нэгж, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгч салбар, мөн хүлээн авагч байгууллагууд болон Сүрьеэгийн тандалт судалгааны албаны эмч, мэргэжилтнүүд оролцож байна.































