Л.Бямбасүрэн: 100 жилийн ойгоо тохиолдуулан эрдэмтэн, мэргэдээ нэгэн дээвэрт цуглуулж, олон улсын эрдэм шинжилгээний хурлаа зохион байгуулж байна
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн түүхт 100 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Эмнэлгийн хамт олон ойн арга хэмжээний хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг болох 12 орны зөвлөх эмч, доктор, профессоруудыг хамруулан зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ “УНТЭ-ийн хамт олон түүхт 100 жилийн ойгоо тохиолдуулан олон эрдэмтэн, мэргэдийг нэгэн дор цуглуулж, олон улсын эрдэм шинжилгээний хурлаа зохион байгуулж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан АНУ-ын багийнхан, хэвлийн дурангийн мэс заслыг нэвтрүүлэхэд хамтран ажилласан Австралийн багийнхан зэрэг 10 гаруй жилийн хугацаанд хамтран ажилласан салбар салбарын олон эрдэмтэн, багийнхан маань ирсэн байна.
Бид 100 жилийн ойдоо зориулан олон олон ажлыг эхлүүлсэн бөгөөд үүний хамгийн чухал нь эмийн ухаалаг технологийг нэвтрүүлж, монголын эм зүйн салбарт шинэ хуудсыг нээлээ.
Цаашид бид AI технологийг салбартаа нэвтрүүлэх, робот мэс засал, гамма болон цөмийн эмчилгээ, лабораторийн салбартаа олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.” гэдгийг энэ үеэр онцолсон юм.
УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах багийн Зөвлөх эмч МУ-ын Гавьяат эмч, Төрийн соёрхолт О.Сэргэлэн:
УНТЭ байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд АНУ, Австрали, БНСУ, ХБНГУ, Тайван улсын судлаач, шинжээч доктор профессор зэрэг манай эмнэлэг, эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан эрдэмтэд уригдан оролцож, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ, яаралтай тусламж, тархины үхэлтэй донорын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг өнөөдөр бидэнд тулгамдсан маш олон илтгэлийг тавихаас гадна мэргэжлийн эмчилгээ оношилгооны шинэ тутам технологийн талаар дэлгэрэнгүй илтгэл судалгааг танилцуулж байна.
Өмнө нь бид олон улсын хурлыг өндөр түвшинд зохион байгуулж болдог гэдгийг харуулахыг зорьж ажиллалаа.
Судалгаа шинжилгээний үнэлгээ ч өмнө нь тааруухан байдаг байсан бол энэ удаагийн олон улсын хуралд шалгарсан шилдэг илтгэлд тус бүрд нь 5 сая төгрөгөөр урамшуулахаар болсон.
Хуралд 600 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Тус эрдэм шинжилгээний гол илтгэлүүдээс дурдвал
- Анагаах ухааны доктор, Профессор О.Сэргэлэн “УНТЭ-ийн өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр,
- Анагаах ухааны дозтор профессор Рэй Прайс “Монгол болон дэлхийн дурангийн мэс засал” сэдвээр,
- АНУ-ын Анагаах ухааны Доктор, профессор Жереми Чапман “Нас барсан донорын эрхтний хуваарилалт” сэдвээр,
- Илтгэгч Вальтер Попп “Монголд халвдараас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.









