Р.Дорждэрэм: Сүрьеэгийн нянгаар халдварлагдсан тохиолдолд хүний үс, хумснаас бусад бүх эрхтэн гэмтэх эрсдэлтэй
Өчигдөр Эрүүл мэндийн яам, Халдварт Өвчин судлалын Үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл хамтран “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах дээд хэмжээний уулзалт боллоо.
Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Соккоро Эскатанте, ЭМЯ-ны НЭМБХГ-ын дарга Б.Цэцэгсайхан болон төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлэг, сүрьеэгийн диспансер, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагын төлөөлөл нийт 300 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны хяналтын тасгийн эрхлэгч Р.Дорждэрэм хэлсэн үгэндээ "Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг өвчин. Сүрьеэгийн нянгаар халдварлагдсан тохиолдолд хүний үс, хумснаас бусад бүх эрхтэн гэмтэх эрсдэлтэй. Сүрьеэ өвчнийг уушгины болон уушгины бус гэж хоёр ангилдаг бөгөөд уушгины сүрьеэтэй өвчтөн л бусдад халдвар тараадаг. Энэ нь 30 орчим хувь байдаг. Нийгэмд сүрьеэтэй гэхээр л ялгаварлан гадуурхах тохиолдол гардаг. Гэтэл уушгины сүрьеэтэй гэдгээ мэдээд эмчилгээнд хамрагдсан бол 14-20 хоногийн дотор халдвар тараахгүй болдог. Харин уушгины сүрьеэтэй гэдгээ мэдэхгүй нийгэмд алхаж буй хүмүүс л аюултай. Сүрьеэ өвчнийг эмчлэхэд таниас ямар ч төлбөр гарахгүй. ЭМД төлдөггүй байсан ч хамаагүй та өөрт ойрхон байх эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
Уушгины хэлбэртэй сүрьеэтэй хүнд удаан хугацаагаар ханиалгах, жин буурах, халуурах, шөнө хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрнэ." хэмээлээ.









