Б.Түвшинтөгс: Харааны хугарлын гажигтай буюу харааны шил зүүдэг бол 6 сар тутамд нүдний эмчид үзүүлэх шаардлагтай
2025 онд “Дэлхийн хараа хамгаалах өдөр”-ийг “Бүх хүнд харааны боломж” уриатайгаар тэмдэглэж байна.
Энэхүү уриа нь дэлхийн хэмжээнд хүн бүр эрүүл хараатай байх эрхтэй гэдгийг онцолж, нүдний эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх, харааны асуудлыг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэхэд анхаарах зорилготой юм.
Тэгвэл тус өдрийн хүрээнд УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасгаас иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ.
УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасгийн нүдний эмч Б.Түвшинтөгс "Энэ өдрийн хүрээнд өнгөрсөн жил сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд болон ахмад настан, ажлын байрны шалтгаантай нүд гэмтэх эрсдэл бүхий хүмүүсийг сонгож нүдний үзлэг, оношилгоо хийж ажилласан. Энэ жилийн хувьд оффисийн ажилтануудад зориулсан нүдний үзлэг, оношилгоо болон мэдлэг олгох арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Насанд хүрэгчид жил нэг удаа, хүүхдүүд хоёр жил тутамд нэг удаа, харааны хугарлын гажигтай буюу харааны шил зүүдэг бол 6 сар тутамд нүдний эмчид үзүүлэх шаардлагтай.
Дэлгэцний хэрэглээнээс үүдэлтэй хараа муудах, харааны хугралын гажиг үүсэх эрсдэл өндөр.Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг шийдэл болно. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. " гэв.









