Д.Баярсайхан: ЭМД-ын байгууллагыг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн газартай адилтгах боломжгүй

2025 оны 10 сарын 08

Arslan.mn

MPH, PhD Д.Баярсайхан

Улс орны хөгжил хүн амын эрүүл мэндээс шууд хамааралтайг дэлхий нийт хүлээн зөвшөөрч эрүүл мэндийн бодлого, шинэчлэл тогтвортой хөгжлийн гол цөм болов[ Sustainable Development Goals by 2030, United Nations]. Эрүүл мэндийн зах зээлийн онцлог, олон нийтэд хандсан үйлчилгээний нийгмийн утга, агуулга, шаардлагаар эрүүл мэндэд төрийн оролцоо зайлшгүй байдаг. Ялангуяа, нийт иргэд, хүн амын эмзэг бүлэгт шаардлгатай, үр дүнтэй тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай, санхүүгийн дарамтгүй үзүүлж хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх нь ямарч улс оронд төрийн үүрэг байдаг[ Universal Health Coverage, WHO]. 

Өнгөрсөн жилүүдэд төрөөс эрүүл мэндийн салбарт хийсэн өөрчлөлт, шинэчлэл гол төлөв эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилт, эрүүл мэндийн даатгалд төвлөрөв. Эрүүл мэндийн даатгалыг нэг худалдан авагчийн тоголцоонд шилжүүлж стратегийн худалдан авалт хийх боломжийг бүрдүүлсэн зарчмын том бөгөөд түүхэн өөрчлөлт байв. Ингэснээр улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын нэгдсэн санг эрүүл мэндийн даатгалын байгууллага ашиглаж даатгалтай иргэдэд эмнэлгийн шаардлагатай тусламж, үйлчилгээг хэрэгтэй үед нь хүртээмжтэй, чанартай үзүүлэх үүрэг хүлээлээ. Мөн стратегийн худалдан авалтын зарчмаар эмнэлгүүдтэй гэрээ хийж гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжүүлэх болов. Эдгээр өөрчлөлтийн хэрэгжилтийн үйл явц, үр дүн, эерэг, сөрөг нөлөө, үр дагаврыг мэргэжлийн түвшинд тогтмол үнэлж, дүгнэж, засч, залруулж сайжруулж байх нь дараагийн чухал алхам болж байна.
 
Манай улсын эдийн засаг, төсөв хамгийн хүнд хэцүү, гипер инфляцийн хямралтай байсан үед эрүүл мэндийн даатгал нэвтэрснээр санхүүгийн шинэ эх үүсвэр үүсч нийт хүн амын 95 хувийг богино хугацаанд санхүүгийн хамгаалалтанд авч чадсан түүхтэй[ Монгол улсын иргэний эрүүл мэндийн даатгалын түүх, 2023.  ]. Энэ цаг үеэс хойш эрүүл мэндийн даатгал өргөжин бэхжиж үйл ажиллагаа нь даатгуулагчдад хүрч байгаа ч эмнэлэг, эмч, ажилчид, даатгалтай иргэд, оролцогч талуудын сэтгэл ханамж өнөөгийн хөгжлийн өндөрлөгөөс харвал зарим талаар чамлалттай байгааг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байнга хөндөж байгаа тул энд давтах шаардлагагүй биз ээ. Гэхдээ яагаад ийм болов гэдэг үндсэн шалтгааныг судалж, ойлгож, засч залруулахгүй зөвхөн илэрч байгаа үзэгдэлд анхаарал хандуулвал төгс шийдэл болохгүй. Иймд эрүүл мэндийн даатгалд өнөөдөр тулгамдсан асуудлыг мэргэжлийн талаас хэрхэн харж байгаа саналаа энд солилцохыг зорилоо. 

Тулгамдсан асуудлыг товч тодорхойлвол эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын тэнцэл алдагдаж, он дамжсан өр, авлага үүсч хуримтлагдсанаар эмнэлгүүдийн санхүүжилт хүндэрсэн байна. Үүнээс болж дараа сарын, дараа жилийн санхүүжилтийг урьдчилж авч ашиглах, жилийн үлдсэн төсвөө сар сараар хувааж санхүүжилтийн хязгаар тогтоох зэрэг түр зуурын шинжтэй арга хэмжээ эрүүл мэндийн даатгалын үндсэн зорилгоос хазайж ач холбогдлыг бууруулах эрсдэлтэй. Иймээс эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж өр, авлагыг барагдуулахад Засгийн газар, УИХ-ын түвшинд анхаарал хандуулж байна. Гэхдээ дээрх асуудлууд гэнэт үүсээгүй олон жилийн турш хуримтлагдаж ирсэн алдаатай бодлого, үйл ажиллагааны үр дүн юм. Үүнийг дараах хүрээнд хэлэлцэж болно. 

1.Сангийн орлого 
Эрүүл мэндийн даатгалын орлого тов тодорхой байдаг. Өөрөөр хэлвэл хуулиар тогтоосон даатгалын хураамжийн хувь хэмжээ, даатгалд хамрагдах нийт иргэдийн тоогоор орлогоо төлөвлөдөг. Орлого нэмэгдүүлнэ гэвэл хураамжаа өсгөх, хамралтаа нэмэх, даатгуулагчийн төлөх хураамжийг хугацаанд нь тогтмол авах, төр хариуцдаг хураамжийг төлж байгаа хэмжээ, үзүүлж байгаа тусламжийг харгалзан тогтмол нэмэгдүүлж байх шаардлагатай. Гэтэл 2007 онд хураамжаа нэмэх биш бууруулж 6 хувийг 4 болгосон нь орлогын өсөлтийг сааруулсан байдаг. Мөн төрөөс төлдөг хураамж сангийн багахан хувийг эзэлдэг ч төрийн хураамжаар даатгуулсан иргэд сангийн зардлын дийлэнхийг ашиглаж ирлээ. Угтаа төрийн хураамж нь хариуцаж байгаа хүн амын орлого бага, эмзэг хэсэгт үзүүлэх тусламж, үйлчилгээг хүртээжмтэй, чанартай байж өвчний эрсдлийг даах, хуваах бодит хэмжэээнд тогтоогдох учиртай. Түүнчлэн хувиараа даатгалд хамрагддаг иргэд хураамжаа төлөлгүй хэрэгтэй үедээ хэдэн сар, жилийн хураамжийг нөхөж төлөөд үйлчилгээ авах, сангаас гарсан зардал нь төлсөн хураамжаас хэд дахин их байх явдал сүүлийн үед гарах болжээ. 

Хэдхэн жилийн өмнө эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл жилийн орлогоос давж үүнийг ашиглах сонирхолд хөтлөгдөн үр дүнг тооцолгүй зардлыг тэлснээр хуулийн дагуу байх ёстой эрсдлийн сангүй болжээ. Тухайлбал иргэдийг эрүүл мэндэдээ анхаардаг болгох нэрийн дор бие бялдаржуулах фитнесс үйлчилгээ, түүнчлэн жирэмсэн эхчүүд, иргэдийн амралт, сувилалд очиж “эмчлүүлсэн” зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар шийдэж байв. Даатгалын сангийн орлого, чөлөөт  үлдэгдлийг эрсдэл тооцолгүй хувийн банкинд байршуулж ихээхэн хэмжээний бэлэн мөнгөө алдаад заримыг нь бэлэн бус тооцоо, байшин барилга болгож үлдсэн хэсгээ өнөө хэр бүтэн авч чадаагүй байна. Үүний хор уршгаар эрүүл мэндийн даатгалын сан санхүүгийн бие даасан байдлаа алдаж улсын нэгдсэн төсвийн захирагч даатгалын санг төвлөрүүлэн захирах болсон тул даатгалын орлогыг батлагдсан төсвөөр ярьдаг, дүгнэдэг, төрөөс дааж байгаа хураамжийг төрөөс эрүүл мэндийн даатгалд өгч буй татаас байдлаар ярих болов. Бодит байдлаар манай төр эрүүл мэндийн даатгалд татаас олгож байгаа субьект биш харин хүн амын эмзэг, орлого багатай хэсгийн өмнөөс хураамжийг нь төлж тэднийг даатгалд хамруулж тэдэнд бусдын адил даатгалын үйлчилгээг адил, тэгш авах боломжоор хангаж буй даатгуулагч юм. Хүн амын орлого бага, эмзэг хэсгээ нийтэд нь хавтгайруулахгүй харин яг хэрэгтэй бүлгээ зөв сонгож хангалттай хэмжээнд хураамж төлж байх хариуцлагыг төр авч явах нь хөгжлийн зөв хандлага бөгөөд шаардлага гарвал татаас олгохыг үгүйсгэж болохгүй. 

2.Сангийн зардал
Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал даатгалд хамрагдсан иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээнээс шууд хамаардаг тул зарим хүмүүсийн ойлгодог шиг зардлыг хянах, тодорхойлох боломжгүй зүйл биш юм. Эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалын бусад төрлөөс ялгардаг гол онцлог бол тэтгэвэр, тэтгэмж шиг мөнгөөр үйлчилгээ үзүүлдэггүй, санд цугларсан мөнгийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болгосон үйлчилгээ үзүүлдэг. Иймд эрүүл мэндийн даатгалаар дамжиж үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг эрүүл мэндийн даатгалын багц гэж нэрлэх ба энэ нь зардлыг тодорхойлж төлбөр хийх үндэс болдог. Нөгөө талаас иргэдээс хураамж авч даатгалд хамруулахад даатгалын багцад ямар тусламж, үйлчилгээ орсон, түүнийг ямар түвшинд яаж авах, тэдгээрийн алиныг нь даатгал бүрэн болоод хагас хариуцах, ямар нь даатгалд хамаарахгүй хувь хүн өөрөө шууд хариуцах зэрэг асуудал тов тодорхой байх шаардлагатай. Цаашлаад эрүүл мэндийн даатгалын багцыг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын нэр төрөл, тоо, түвшин, үйл ажиллагаа зардалд бас нөлөөлнө. Иймээс зардал багатай анхан шатаас эхлээд хоёрдогч, гуравдагч шатлалын өртөг, зардал өндөртэй нарийн мэргэжлийн тусламжийн шатлалыг хатуу мөрдөж байж зардлаа хянадаг[ Д.Баярсайхан, 13А маягт. Эрүүл мэнд ба эдийн засаг. 2023.10.30
https://www.arslan.mn/social/health/652290.shtml?fbclid=IwAR3alwVBipI1Jz5uKor-sWIrBHixeXU713ihVhML08E8b6VjDTJ4srVxMns]. Ингэснээр хүний эрх зөрчигдөж байна, эсвэл хямд зардалтай бол чанаргүй үйлчилгээ гэх ойлголт олон улсад байдаггүй. 

Өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбарын хөгжлийг эмнэлгээр төсөөлөн улс, хувийн эмнэлгүүдийг олноор барьж, өргөтгөж зардлыг нь даатгал хариуцахаар шийдэж ирэв. Сүүлийн 10 жилд эмнэлгийн орны тоо 2 дахин нэмэгдэж эмнэлэгт хэвтсэн өвчтөний тоо 1.5 дахин өсч 3 хүний 1 эмнэлэгт хэвтэж зардлыг нь эрүүл мэндийн даатгалаас гаргажээ[ Монгол Улсын Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Түүх, хуудас 124. 2023 он ]. Энэ үзүүлэлт дэлхийн дунджаас 4 дахин их байгаа бөгөөд үргүй зардал хөөрөгдсөн эмнэлгийн ийм үйлчилгээ жинхэнэ хэрэгтэй өвчтөнд зарах мөнгө, үйлчилгээг бууруулж байгаа хэрэг юм. 2023 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалыг зохицуулж байсан 13А маягтыг хүчингүй болгосноор дээд шатлалын эмнэлгийн ачаалал нэмэгдэж энэ хэрээр зардал өсөв. Энэ нь иргэдийн өрхийн орлогод нөлөөлж эрүүл мэндийн зардлаас болж ядуурах явдал бодит үзэгдэл боллоо. Орлогоос давсан зардлын зөрүү эцсийн дүнд хувийн төлбөр болж хувирдаг учраас иргэдээс шууд хийдэг төлбөрийн хэмжээ эрүүл мэндийн нийт санхүүжилтийн 40 орчим хувийг эзлэх болсон нь иргэдийн аж амьжиргаанд нөлөөлж байна. Судлаачдын үнэлгээгээр эмчилгээ, үйлчилгээний төлбөрийн улмаас манай улсад жилд доод тал нь 20 мянган хүн ядуурч байна. Өрхөөр тооцвол 2010 онд нийт өрхийн 2 орчим хувь орлогынхоо 10-с дээш хувийг эрүүл мэндэд зарж байсан бол 8 жилийн дотор хувь 5.5 дахин нэмэгджээ[ Javkhlanbayar D, Enkhjargal B, Svensson М, Bayarsaikhan D, Kauhanen J. Catastrophic health expenditure and impoverishment in Mongolia. International Journal for Equity in Health. The official journal of the International Society for Equity in Health, July 2016. DOI: 10.1186/s12939-016-0395-8 http://www.equityhealthj.com/content/15/1/105 
].  

Эрүүл мэндийн багцыг тодорхойлоход хүн амын өвчлөлийн байдал, зонхилон тохиолдож байгаа өвчин эмгэг, нас баралтын шалтгаан, сэргийлэх, оношлох, эмчлэх, сувилах хамгийн үр дүнтэй аргуудыг судалж ач холбогдлоор нь сонгож, эрэмбэлж оруулдаг боловч эцсийн дүнд даатгалын багц санхүүгийн байгаа боломж, орлогоор хязгаарлагддаг. Ийм учраас орлого тодорхойгүй улс төрийн амлалт, шийдвэр, эрүүл мэндийн даатгалын багцад ороогүй үйлчилгээ, олон нийтийн шинжтэй хөтөлбөр, төслийг даатгалын сангаас санхүүжүүлэхээс зайлсхийдэг. Орлого хязгаартай учраас зардлаа хяналтгүй тэлж, тооцоо судалгаа, үнэлгээ байхгүй үйлчилгээг даатгалын багцад оруулах нь даатгалын сангаа дампууруулах эрсдэл дагуулдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалын багцад ороогүй үйлчилгээг хөтөлбөр нэрээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх явдал багагүй гарчээ. Зүүн Финляндын Их Сургуулийн багш, профессор Д. Жавхланбаяр эрүүл мэндийн тогтолцооны хүрээнд даатгалын сангийн зардлын үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлоод салбарын нийт ажиллагчдын бүтэн жилийн цалинтай тэмцэх хөрөнгөөр нэг төсөл, мөн эрүүл мэндийн даатгалын сангийн бүхэл бүтэн 10 сарын орлоготой тэнцэх хэмжээний мөнгөөр дахиад бас нэг төсөл хэрэгжүүлсэнд шүүмжлэлтэй ханджээ[ Twitter. @javkhlanbayar_d 2023.06.03 ].           

3.Өр, авлага
Өр, авлагын асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагатай нягт уялдуулж үздэг. Орлогоос давсан зардлыг араас нь хөөж санхүүжүүлэх аваас эрүүл мэндийн даатгал үндсэн үүргээ биелүүлэх боломжгүй болно. Ийм байдалд орохгүйн тулд эрүүл мэндийн даатгалын мэргэжлийн байгууллага орлого, зардал, тэдгээрт нөлөөлөх бүх хүчин зүйлийг том, жижиг гэлгүй нэг бүрчлэн тооцож санхүүгийн байдлаа 5, 10 жилээр урьдчилан тодорхойлж төлөвлөдөг актуар тооцоо, үнэлгээ хийж түүнийгээ жил тутам хянаж даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргадаг. Эрүүл мэндийн даатгалын орлого, зардал, багц үйлчилгээнд нөлөөлөх арга хэмжээ бүрд  технологийн үнэлгээ хийдэг. 

Ийм тооцоо, үнэлгээ манайд хараахан төлөвшөөгүй байгаа нь даатгалын сан санхүүгийн хүндрэлд орох нэг шалтгаан гэж үзэж болно. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг статусаар ажиллаж байгаа нь даатгуулагчийн эрх ашгаас илүү засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. Нэгэнт Засгийн газар оролцож байгаа болохоор давуу эрх эдэлж даатгалын сангийн орлого, зардлыг улсын нэгдсэн төсөвт оруулж шийдэх, төсвийн санал, төлөвлөгөөг хянах, хасах, батлах, баталсан төсвийг хэтрүүлсэн, зориулалт бусаар ашигласан зэрэг төсвийн байгууллагад хамаатай асуудал даатгал дээр яригдаж байна. Уг нь эрүүл мэндийн даатгалын байгууллага бол төсвийн байгууллага биш бөгөөд даатгуулагч иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн төлсөн хураамжаар сан бүрдүүлж түүнийг даатгалтай иргэдийн эрх ашиг, эрүүл мэндийн талаар явуулах төрийн бодлогод нийцсэн багц үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэх үүрэг хүлээж энэ дагуу үйл ажиллагаагаа удирдан зохицуулж шийдвэр гаргадаг, үүний төлөө хариуцлага хүлээдэг хуулийн этгээд юм.  

Зардал өсч өр, авлага үүсч байгаа өөр нэг шалтгаан нь гүйцэтгэлд суурилсан стратегийн худалдан авалтыг гарсан зардлаар нь шууд санхүүжүүлэх арга хэмээн ойлгож тусламж, үйлчилгээний тоог нэмэгдүүлсэн нь үр дүнгүй зардлыг тэлж санхүүгийн хүндрэл үүсгэхэд нөлөөлж байна. Гүйцэтгэлд суурилсан стратегийн худалдан авалтын үндсэн утга нь тухайн эмнэлгийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо биш харин тухайн эмнэлгийн үйл ажиллагаа нь хэмжиж дүгнэх боломжтой үр дүнг урамшуулах явдал юм. Худалдан авалтын энэ зарчим эрүүл мэндийн даатгалын байгууллагад орлогоо зохистой бүрдүүлж зардлыг хянах, үр дүнг нэмэгдүүлэх боломж олгодог. Түүнчлэн багцад орсон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн байгууллагын хөгжлийг дээд шатлалд үзүүлэх тусламжийг үзүүлэх чадамж бүрдүүлж байгаагаар хэрхэвч үнэлж болохгүй. Жишээ нь анхан шат болон өрхийн эмчийн үйл ажиллагааны гол зорилго тухайн шатлалд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад оршихоос бус дээд шатлалын аймаг, дүүргийн түвшинд үзүүлэх тусламж, үйлчилгээг өөр дээрээ шинээр нээж зардлаа өсгөх явдал биш юм.

4.Эрүүл мэндийн тогтолцоо
Эрүүл мэндийн даатгалын орлого, зардал, үйл ажиллагаанд эрүүл мэндийн тогтолцооны бүрэлдхүүн хэсгүүд бүгд нөлөөлдөг учраас тэдгээрийн хоорондын уялдаа, холбоог зохистой хангах явдал бодлогын нэн чухал асуудал болдог. Жишээ нь эмч, ажилчдын тоо хэрэгцээнээс хэтэрч хөдөлмөрийн бүтээмж бага байх хэрээр зардлын үр дүн буурч цалин, урамшууллын ач холбогдол багасна. Эмийн үнэ, хангамж, хэрэглэгээ хяналтгүй зохистой бус, мөн үнэлгээ, тооцоо судалгаагүй шинэ эмнэлэг, байшин барилга барих хэрээр урсгал зардал өсч санхүүгийн эх үүсвэрт дарамт учруулна. Өнгөц харвал өнөөдөр манай улс хүн амд ногдох эмч, эмнэлгийн орны тоогоор дэлхийд эхний 10-т эрэмблэгддэг ч орон нутагт эмчгүй, хэрэгтэй газраа эмнэлгийн ор хүрэлцэхгүй, эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдлын 30-40 хувь нь шаардлагагүй хэвтэлт байгаа нь үргүй зардал ихтэй эрүүл мэндийн тогтолцоо болон хувирч буйг харуулж байна.

Тогтолцооны үр дүнг сайжруулахад мэдээлэл, нотолгоонд суурилсан мэргэжлийн удирдлага, засаглал чухал үүрэгтэй. Санхүүгийн хувьд эрүүл мэндийн зардлын үндэсний нэгдсэн бүртгэл тооцоо, бодитой мэдээлэл тогтмол гарч түүнийг бүх түвшинд ойлгож ашиглахгүй бол янз бүрийн эх үүсвэртэй мэдээллээр маргаан өрнөж тулгамдсан асуудлыг шийдэх боломжгүй болно. Эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн арга хэмжээний бодит үр дүн эрүүл мэндийн даатгалын санд хэрхэн эерэгээр тусч өвчлөл, эмчилгээтэй холбогдсон зардал буурч, санхүүгийн хамгаалал нэмэгдэж эцсийн дүнд хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт сайжирч, иргэдээ ядуурлаас сэргийлж байгаа ахиц, өөрчлөлтийг тооцож, ярьж, нотолж байх учиртай. Бодлогын түвшинд эдгээрийг зангидаж ил тод мэдээлдэг удирдлагын тогтолцоо бүрдэх хэрээр иргэдийн зүгээс эрүүл мэндийн даатгалд итгэж үйл ажиллагааг дэмжих хөрс, суурь болно.        

5.Шийдэл
Эрүүл мэндийн даатгалд тулгарсан өнөөгийн хүндрэлийг өнгөц харвал санхүүжилттэй холбож орлого, зардлын зөрүүг арилгах, эрүүл мэндийн төсвийг нэмэгдүүлэх санал яригдах нь зүй ёсны хэрэг. Олон улсын жишгээр ДНБ-ий 5-7 хувийг эрүүл мэндэд зарах түвшинд бид хүрээгүй учраас одоогийн 3.2 хувийг 5 хувьд хүргэх тухай ч ярьж байна. Энэ үзүүлэлт орлого нэмэгдүүлэх чиг баримжаа байж болох ч улсын ба хувийн санхүүжилт хамтадаа орсон зардлаар ямар үр дүнд хүрч байгааг үнэлэхэд илүү тохиромжтой байдаг. ДЭМБ-аас гишүүн орнуудад эрүүл мэндийн бүх нийтийн хамралтын зорилт хэрхэн хэрэгжиж байгааг үнэлээд эрүүл мэндэд улсаас хуваарилж байгаа төсөв ДНБ-ний 5 хувь, түүнээс дээш байгаа орнууд илүү амжилт гаргаж байгааг харуулсан боловч албан ёсны зөвлөмж гаргаагүй байна. Учир нь энэ түвшнээс бараг хоёр дахин бага зардлаар хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээ өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэсэн Майлайз, Тайланд зэрэг орны туршлага бага зардлаар илүү үр дүнд хүрч болохыг бас харуулдаг[ World Health Report. The Path to Universal Health Coverage, WHO, 2010.]. Харин улсын нэгдсэн төсвийн орлогын 10-с доошгүй хувийг эрүүл мэндэд хуваарилах, ДНБ-ний дор хаяж 1 хувийг анхан шатны тусламжинд нэмж зарахыг ДЭМБ албан ёсоор зөвлөжээ[ WHO Recommendation to invest at least 1% more of GDP on PHC. 22 Sep 2019 https://www.who.int
]. 

Өмнө дурдсан шиг санхүүжилтийн орлогыг зардлаас нь салгаж ярих боломжгүй юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд манай улсын төсөв, даатгалын нийт санхүүжилт 2.4 дахин нэмэгдсэн ч иргэдийн сэтгэл ханамж төдийлөн дээшилсэнгүй. Иймээс цааш цашдын өөрчлөлт зөвхөн мөнгө биш зардлын үр дүн, үр ашигт анхаарч иргэн төвтэй тусламж, үйлчилгээг тогтолцооны хүрээнд уялдуулж хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн даатгалын байгууллагын зүгээс сангийн орлого, зарлагад сөргөөр нөлөөлж өр, авлага үүсгэж буй шалтгаан, гадны нөлөөллийг мэргэжлийн түвшинд үнэн зөв, бодитой үнэлж дүгнэх, тайлбарлаж ойлгуулах, засч залруулах, алдаа дутагдал гаргахгүй байх чадамж, хариуцлагыг эрс сайжруулж үр дүнд хүрнэ. Энэ үүднээс харвал эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг бие даалгаж БНСУ зэрэг оронд амжилттай хэрэгжиж байгаа эрүүл мэндийн даатгалын корпорацийн хэлбэрт шилжүүлж хөгжүүлэх нь өнөөгийн тулгамдсан асуудлын шийдэл байж болохоор байна. Өөрөөр хэлбэл, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг статусаар дээд удирдлагын түвшинд гарсан шийдвэрийг хэрэгжүүлдэг идэвхигүй үйл ажиллагаатай засаглалын хэлбэрийг өөрчилж даатгалд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалсан, даатгалын багц үйлчилгээг даатгуулагчдад чирэгдэлгүй, чанартай үзүүлдэг мэргэжлийн байгууллага болсноор аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох эрхтэй, энэ хэрээр хариуцлага хүлээдэг эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шилжих тухай асуудал юм. Эрүүл мэндийн даатгал мэргэжлийн хувьд гадны нөлөөгүй бие даасан үйл ажиллагаа явуулах чадамж бүрдэх хэрээр үүнд Эрүүл мэнд болоод Сангийн яам бусад төрийн байгууллагууд оролцох шаардлагагүй болж зөвхөн бодлогын түвшний харилцаа үүснэ. Үүний тод жишээ Герман улсын даатгалын байгууллага юм. Ер нь олон улсын туршлагаас харвал энэ тогтолцоо нь даатгалыг хувьчилж байгаа хэлбэр биш даатгуулагчдын эрх ашгийг эрүүл мэндийн талаар төрөөс явуулж байгаа бодлоготой уялдуулж эрүүл мэндийн тогтолцоогоор дамжуулж үндэсний хэмжээнд даатгалын үйлчилгээ үзүүлэх эрх үүрэг, хариуцлага хүлээсэн төрийн өмчийн өвөрмөц онцлогтой байгууллага хэлбэрээр ажиллаж байна. 

Манайд одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд төрийн өмчийн корпораци байх боломжгүй зөвхөн улсын үйлдвэрийн газар гэсэн ангилалд орохоор байж болох юм. Гэвч эрүүл мэндийн даатгалын байгууллагыг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн газартай адилтгах боломжгүйн дээр төлөөлөн удирдахаас илүү өргөн хүрээнд даатгалд оролцогч талуудын эрх ашгийг илэрхийлэх гурван талт оролцоог хангасан үндэсний зөвлөл хяналт тавьдаг онцлогыг харгалзан даатгалын корпораци байгуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжтой юм. Ингэснээр Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа эмнэлэг, даатгал гэсэн өдөр тутмын асуудал руу орохгүй бодлогын асуудал руу илүү чиглэгдэх болно.  Учир нь хүн амын эрүүл мэндийн асуудлын тал хувь нь эрүүл мэндийн салбараас, үлдсэн хувь нь бусад салбарын үйл ажиллагаанаас шууд хамаардаг тул яамны бодлого, үүрэг, манлайлал байгаль, орчин, агаарын чанар, хоол, хүнсний аюулгүй байдал, хэрэглэгээ, хөдөлмөрийн нөхцөл, зам, тээвэр, эрүүл мэндийн боловсрол, хувь хүмүүсийн үүрэг, хариуцлага, зан үйл, дадал зуршил, сэтгэл зүй зэрэг олон хүчин зүйлсийг нэгтгэсэн цогц бодлого, үйл ажиллагаа улам сайжирч хүн амын эрүүл мэндэд чанарын ахиц өөрчлөлт гарах нь дамжиггүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665805
1 эможи

keyboard_arrow_up