“ЭРҮҮЛ ИДЭВХТЭЙ НАСЖИЛТ-2025” үндэсний зөвлөгөөнд 21 аймаг 9 дүүргийн мэргэжилтнүүд оролцож байна
Эрүүл мэндийн яам, Герентологийн Үндэсний төв, ДЭМБ хамтран зохион байгуулж буй “Эрүүл идэвхтэй насжилт 2025” үндэсний зөвлөгөөн өнөөдөр болж байна. Үндэсний зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Соккоро Эскеланте, Геронтологийн Үндэсний төвийн захирал Д.Бат-Ундрах болон 21 аймаг, 9 дүүргийн ахмадын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.
НҮБ-ын тооцооллоор 2050 он гэхэд дэлхийн хүн амын 4/1 буюу 2.1 тэрбум хүн 60 ба түүнээс дээш насныхан болох төлөвтэй байгааг дурьджээ. Монгол Улсын хувьд 2021 оны байдлаар 60 ба түүнээс дээш насныхан нийт хүн амын 9.7 хувийг эзэлж байсан бол 2030 он гэхэд 11.9 хувьд хүрч, 2050 он гэхэд нийт хүн амын 5/1- д хүрэх тооцоолол гарчээ.
Энэ нь манай улсын хүн ам “насны бүтэц өөрчлөгдөх” тодорхой үзүүлэлт юм.
Ийм өөрчлөлт нь эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт, санхүүжилт, хүний нөөцийн тогтолцоонд томоохон дарамт учруулж буй тул дэлхий нийтээрээ онцгойлон анхаарч байна. ДЭМБ-аас 2021–2030 оныг “Эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих арван жил” болгон зарласан билээ.
Энэ үеэр Геронтологийн Үндэсний төвийн захирал Д.Бат-Ундрах "Манай Улсын хувьд 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Хөдөлмөр нийгмийн сайд Т.Аубакир нарын хамтарсан тушаалаар Эрүүл насжилтыг дэмжих 2025-2028 дунд хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран баталсан. Уг төлөвлөгөөний хүрээнд ахмад настны хөгжил тэр дундаа эрүүл мэндийг анхаарахад чиглэсэн олон ажлууд хийгдэнэ.
Манай ахмадуудын хамгийн их үйлчлүүлдэг газар бол эрүүл мэндийн байгууллага байдаг. Энэ онд Геронтологийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орно. Ингэснээр ахмадууд тухтай орчинд олон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг авах боломж бүрдэнэ." гэдгийг энэ үеэр онцоллоо.









