С.Байгалмаа : Миний аав Академич Б.Сангидорж нь ШУ-ны салбарт 40 гаруй жил зүтгэж, монголд анх АӨСҮТ-д харшил судлалын лабораторийг үүсгэн байгуулсан гавьятай
Өнөөдөр Арьс Өвчин судлалын Үндэсний төвийн Харшил судлалын лабораторын түүхт 20 жилийн ой тохиож байна.
Миний аав Биологийн ШУ-ны доктор, Академич Б.Сангидорж нь 2004 онд харшил судлалын лабораторийг үүсгэн байгуулж, 2005 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар улсын хэмжээнд харшил судлалын лаборатор байгуулагдсан түүхтэй. Миний аав биологич мэргэжилтэй, 40 гаруй жил шинжлэх ухааны салбарт зүтгэж, ургамлын тоосны харшлын вакцин, оношлогооны аллергинуудыг үйлдвэрлэж, монгол орны агаар дах тоосжилт, ургамлын тоосны дэгдэлтийн үеийг судалж, анагаахын салбарт харшил үүсгэгч ургамалуудыг судалж, оношлох арга техникийг гаргаж ирсэн гавьяатай хүн юм.
Анх харшил судлалын лаборатор нь арьс хатгах сорилууд үйлдвэрлэж байсан. Дараа нь шарилжны тарилга үйлдвэрлэж, одоо модлог ургаламал, үйтэн ургамал, холимог ургамалуудын харшлыг судалж бүтээгдэхүүн гаргасан. Энэ хугацаанд 26 стандарт батлуулснаас үс ноосных, амьтных, гэр ахуйн тоосных гээд нэр төрлөө ихэсгээд явж байна. Үүнтэй холбогдуулан эмийн бүтээгдэхүүний гэрчилгээгээ авлаа.
Миний хувьд сүүлийн 10 гаруй жил аавтайгаа хамт харшил судлалаар судалгааны ажлууд хийж, харшил, дархлаа судлаач эмчээр ОХУ-ны Бүх ард түмний Найрамдлын их сургуульд докторын зэргээ хамгаалсан. Одоо АӨСҮТ-д харшил судлаач, их эмчээр ажиллаж байна. АӨСҮТ-ийн харшил судлалын лаборатор нь био химич, ургамал судлаач нартайгаа хамтраад судалгааныхаа ажлуудаа үргэлжлүүлээд, өргөжүүлээд явж байна.
Цаашид технологио улам өргөжүүлж, бүтээгдэхүүн нэр төрлөө нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлаа тасралтгүй үргэлжлүүлэхээр зориж байна.
Ургамлын тоосны харшилтай иргэдийн 70-80 хувь шарилжны харшилтай байдаг. Сүүлийн жилүүдэд үйтэн, модлог ургамал ихсэж байна. Мөн ахуйн тоосны, хоол хүнсний харшил нэмэгдэж байгаа учраас судалгаагаа жилээс жилд улам өргөжүүлж хийх шаардлагатай байгаа. Бид монгол орны нөхцөлд монгол хүнд тохирсон бүтээгдэхүүн гаргахыг эрмэлздэг.
Ташрамд сонирхуулахад, Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессо, Академич Б.Сангидорж нь Баянхонгор аймагт төрж өссөн, 1976-1980 онд УБДэС-д суралцаж, Хими – Биологийн Багш мэргэжил эзэмшсэн.
1980-1988 онд ЭХЯ-ны УКТЭ-т ургамал судлагч мэргэжилтэн, харшил судлалын лабораторийн эрхлэгч, 1988-1993 онд АУДэС, АУИС-д биологийн багш, тэнхмийн орлогч эрхлэгч, оюутан хариуцсан багшаар ажиллаж, 1991-1993 онд ЭМЯ-ны Эрүүл Ахуй Халдвар Нян Судлалын Улсын Институтийн биобэлдмэлийн секторын эрхлэгч, харшил өвчин төслийн удирдагчаар хавсарч ажилласан байна.
1980-1990 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан Биологийн иж бүрэн экпедицийн палино-батоникийн судалгааны багт Монголын талын судлаачаар оролцож, ургамлын цэцгийн тоосны агаар дахь тоосжилт, тархац, тоо хэмжээ, хөдлөл зүй, хөрсний өнгөн хэсэгт хадгалагдах цэцгийн тоосны агууламжийн судалгааны материал цуглуулж 1984, 1987, 1990 онуудад Оросын ШУ-ны Академийн харъяа Москва хотын Амьтны түүхэн морфологи-экологийн хүрээлэнгийн палино-экологийн лабораторид хамтарсан судалгааны материал боловсруулахаар 135 хоног ажиллахдаа ургамлын цэцгийн тоос судлалаар мэргэшиж Монгол улсад ургамлын цэцгийн тоос судлалын салбарыг хөгжүүлэх ажлыг анх эхлүүлж өнөөг хүртэл палино-экологийн бүсчилсэн судалгааг өргөжүүлэн явуулж, шинэ салбарын залгамж мэргэжилтэн судлаачдыг шавь сургалтаар бэлтгэх ажлыг санаачлан хийж байсан.
Б.Сангидорж 1990 онд Казахстан улсын Алма–Аты хотын Эрүүл ахуй, халдвар судлалын хүрээлэнгийн дэргэдэх харшил ба дархлаа судлал мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд “Улаанбаатар хотод ургамлын тоосны харшил өвчин үүсэх нөхцөл шалтгаан зүй тогтол” сэдвээр биологийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан байна.
1993-2003 онд хоёр улсын засгийн газар хоорондын соёлын хамтын хэлэлцээрээр Казахстаны Алма-Аты хотын Эрүүл Ахуй Халдвар Судлалын Хүрээлэнгийн докторантурт суралцаж, харшил судлалын лабораторид ЭШ-ний ахлах ажилтанаар ажиллаж 2005 онд “Аллергенные растения Монголии” хоёр сэдэвт бүтээлээр ОХУ-ын Улан-Үд хотын Буриадын Улсын Үндэсний Их сургуулийн эрдмийн зөвлөлд ургамал судлал, экологи мэргэжлээр биологийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалсан.
Доктор Б. Сангидорж 2005-2007 онд “Монгол орны нөхцөлд ургамлын тоосны харшил үүсэх нөхцөл шалтгаан, оношилгоо, эмчилгээний өвөрмөц аллерген бэлтгэх дэвшилтэт технологи, урьдчилан сэргийлэх арга” сэдэвт ШУТ-ийн төслийн, 2008-2010 онд ”Харшлын шалтгаант арьсны зарим өвчний тархац, эмнэл зүй, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга” сэдэвт ШУТ-ийн төслийн, 2017-2019 онд “Ургамлын цэцгийн тоосны харшилаар өвчлөх гадаад, дотоод хүчин зүйл, эмгэг жам, дархлаажих үзэгдэл зүй механизм, оношилгоо эмчилгээний онол, арга зүйн судалгаа” ШУТ-ийн суурь судалгааны төслийн, 2019 онд “Зуслангийн бүсийн хөл газрын ургамлыг хөрсний доройтол бохирдлыг бууруулахаар ашиглах, нөхөн сэргээлт хийх” Нийслэлийн байгаль орчны газрын төслийн, 2020 онд “Ахуйн тоосны харшлаас сэргийлье” Эрүүл мэндийг дэмжих сангийн төслийн удирдагчаар тус тус ажиллаж үр дүнгийн тайлангуудыг амжилттай хамгаалж Монгол орны ургамлын аймагт 31 овгийн 98 төрлийн 203 зүйл харшил төрүүлэгч тоост ургамал байгааг тэмдэглэн, нэрсийн цэсийг Латин, Монгол, Орос, Англи, Хятад хэлээр гаргаж, цэцэглэх үзэгдэл зүйн хуанлийг бүсчлэн тодорхойлж цэцгийн дохиурын тоос цуглуулах, ургамлын цэцэглэх цаг хугацаа, ургамал түүх газар нутгийг зааж өгсөн зөвлөмж заавар “Улиас модыг хэлбэржүүлж баг цэцэг, молцог хяргаж цэцгийн дохиурын тоосжилт, унгарилын тархалтыг хязгаарлах технологи, харшлаас сэргийлэх арга”, “Шарилж луулийн тоос хүртэлт, үрлэлтийг хадаж тайрах аргаар хязгаарлаж, харшлаас сэргийлэх ногоон масс нэмэгдүүлэх арга технологи” боловсруулж, цэцгийн тоосоор 10, гэр ахуй номын сан архивын тоосоор 4, амьтны үс ноосоор 6, хоол хүнсээр 5 нийт 25 нэрийн оношлуур сорилын өвөрмөц аллерген үйлдвэрлэх технологийн заавар 10-ыг боловсруулж 25-н стандарт шинээр батлуулсан зэрэг үр дүнг хүлээлгэн өгсөн ажлын үр дүнгээр 105 илтгэл өгүүлэл хэлэлцүүлж хэвлүүлсний 57 илтгэл дотоодын онол практикийн хурлын хураангуй мэргэжлийн сэтгүүл эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн бүтээлд, 48 илтгэл, өгүүлэл олон улсын эрдэм шинжилгээний хурлын материалд, ОХУ, Итали, Израйль, Казахстан зэрэг олон улсын дэлхийд нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлд Орос, Англи хэлээр 13 өгүүлэл хэвлүүлж эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг олон улсад мэдээлэх ажлыг амжилттай хийж байна.
“Ургамал судлал” сурах бичиг 252 хуудас ном хамтран (монгол хэлээр) 2003 онд, “Аллергеные растения Монголии” 272 хуудас ном (орос хэл дээр) 2004 онд хэвлүүлж, сургалтын хөтөлбөр 1-ийг боловсруулж, шинэ бүтээлийн патент 1-ийг авч, 6 магистр удирдан хамгаалуулж, докторын ажил 5-ыг удирдаж байсан.
2009-2022 онд Б.Сангидоржийн удирдсан АӨСҮТөвийн Харшил судлалын лабораторийн шинжилгээний баг 10-н зүйл ургамлаас 4566 гр цэцгийн дохиурын тоос цуглуулж 84 л харшил ялган оношлох сорилын аллерген уусмал бэлтгэж, 10-н нэрийн оношлуураар улсын ба хувийн харшлын кабинетуудад үйлчилж оношлуурын мэдрэг ба өвөрмөц чанарыг 85-90% байгааг тогтоолгож Монгол улсын оношлуурын бүртгэлд бүртгүүлж, Шарилжийн тоосны харшлаас сэргийлэх эмчилгээний өвөрмөц шүршлэг аллерген 5000 хүн тун бэлтгэж 4646 өвчтөн эмчилж клиникийн туршилт судалгаагаар үр дүн 80%-аас дээш байгааг тогтоолгож Монгол улсын эмийн бүртгэлд 2020 онд шинээр бүртгүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх техник эдийн засгийн тооцоо судалгааг хийж, үйлдвэрлэлд шилжүүлэн шинжлэх ухаан технологийн төслийн үр дүнг практикт нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.
Б.Сангидоржийн ажлын амжилтыг төр засаг үнэлж, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 80, 90, 100 жилийн ойн медаль, 7-р таван жилийн гавшгайч цол тэмдэг, 1980 онд МХЗЭТөв хороо, ШУА, Дээд, Дунд, Тусгай боловсролын хорооны оюутны шилдэг бүтээлд алтан медаль, 1984 онд ШБОС үзэсгэлэнгийн хүндэт үнэмлэх, 1985 онд МХЗЭТ хорооны хүндэт жуух, 1990 онд ЭМЯ-ны хүндэт үнэмлэх, 1990 онд АУДС-ийн хөдөлмөрийн аврага багш, 1991 онд ШУБЯ-ны жуух бичиг, 2006 онд ЭМЯ-ны жууух бичиг, 2006 онд Монголын Анагаах Ухааны Академийн өргөмжлөл, 2007 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2010 онд “Шинжлэх ухаан технологи 2010 ” үзэсгэлэнгийн “Шинэ бүтээгдэхүүн” технологи өргөмжлөл, 2011 онд ЭМСалбарын 90 жилийн ойн хүндэт тэмдэг, 2014 онд Улаанбаатар хотын хүндэт тэмдэг, 2017 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2020 онд “Хөгжлийн эзэн” хүндэт одон, тус тус шагнагдаж байжээ.









