Академич, доктор Б.Сангидорж агсны үүсгэн байгуулсан АӨСҮТ-ийн Харшил судлалын лабораторийн түүхт 20 жилийн ОЙ тохиож байна
Өнөөдөр Академич, Биологийн ШУ-ны доктор Б.Сангидорж агсны үүсгэн байгуулсан Арьсны Өвчин судлалын Үндэсний төвийн Харшил судлалын лабораторийн түүхт 20 жилийн ойн арга хэмжээ болж байна.
Тус арга хэмжээнд АӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Уранчимэг, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, НЭМҮТ-ийн зөвлөх эмч, доктор Ж.Оюунбилэг, ОХУ-ын АШУ-ны доктор, профессор Мачаразде Дали Шотаевна, АШУ-ны доктор, профессор Татаурщикова Наталья Станиславовна, Хүний гавьяат их эмч М.Тунсаг, Биологийн Шинжлэх Ухааны Доктор Б.Сангидорж агсны охин АУ-ны доктор, харшлын эмч С.Байгалмаа болон багшийн шавь нар, үе үеийн хамтран зүтгэгч нар нь оролцлоо.
Үйл ажиллагааг нээж, АӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "АӨСҮТ-ийн хамгийн чухал төвийн нэг болох Харшил судлалын лабораторийн түүхт 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Арьсны өвчин судлалын төвийн Захирлын тушаалаар 2004 оны 08 дугаар сарын 16-нд Биологийн Шинжлэх Ухааны Доктор Б.Сангидорж, эрүүл ахуйч лаборантаар Н.Өлзийбаяр нар Харшил судлалын лабораторийг анх байгуулж, үйл ажиллагаагаа арван сараас эхлүүлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Б.Сангидорж багшийн бүрдүүлсэн хамт олон харшил судлалын чиглэлээр олон судалгааны ажил хийж, төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Бид өмнө нь гадны улс орны л аллергиныг хэрэглэдэг байсан бол өнөөдөр багшийн гаргаж авсан олон аллергиныг харшлын өвчний үед хэрэглэж, стандартыг боловсруулан батлуулсан.
Манай оронд ургамлын гаралтай харшлын өвчлөл дундаас түгээмэл тохиолддог харшил болох шарилжны харшилаас урьдчилан сэргийлэх эмчилгээний өвөрмөц аллерген бэлдмэлийг 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл үйлдвэрлэж, тарилга шүршлэг хэлбэрээр бэлтгэсэн.
Үүнээс гадна Харшил судлалын лаборатори нь зуны саруудад харшил төрүүлэгч цэцгийн дохиурын тоосыг цуглуулж, тус түүхий эдийг технологийн дагуу боловсруулан харшил оношлох, сорилын аллерген болон эмчилгээний өвөрмөц аллерген бэлтгэн гаргаж байна. Цаашид бид вакцин эмчилгээний нэр, төрлийг олшруулахаар ажиллаж байна.
АӨСҮТ нь Монгол Улсын хэмжээнд арьс, харшил, эмчилгээний гоо зүйн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Жилд 4000-5000 иргэнд үйлчилгээ үзүүлж, харшил, арьсны өвчнийг бууруулах, шинэ технологийг нэвтрүүлэх, арьсны архаг өвчнийг эмчлэх чиглэлээр бай эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна" хэмээлээ.
Ташрамд дурдахад АӨСҮТ-ийн Харшил судлалын лаборатори нь өнөөдрийн байдлаар :
- Цэцгийн дохиурын тоосноос үүдэлтэй харшил оношлох-10 нэрийн,
- Үс ноосны-7 нэрийн,
- Гэр ахуйн үйлдвэр номын сан архивын тоосны-3 нэрийн,
- Хоол хүнсний-5 нэрийн нийт 25 нэрийн харшил оношлох оношлогооны өвөрмөц аллерген бэлдмэл үйлдвэрлэх бүтээгдэхүүний загвар гаргаж аллергенүүдийг бэлтгэж байна.
Үүнээс ургамлын тоосны харшил оношлох 10-н нэрийн оношлуурыг Монгол улсын оношлуурын бүртгэлд, харшлаас сэргийлэх шүршлэг аллергенийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн аж. Мөн Халдварын бус гаралтай харшил оношлох, сэргийлэх өвөрмөц аллерген бэлдмэл бэлтгэх технологийг боловсруулж, 27 нэрийн үндэсний стандарт батлуулаад байна.









