ХӨСҮТ: Дархлаажуулалтын чиглэлээр олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэж байна
Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан гэдэг нь тухайн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэхэд эрүүл мэндийн байгууллага, иргэдийн гүүр болж, дэмжиж, хамтарч ажиллах иргэний төлөөлөл юм.
Монгол Улс төдийгүй Дэлхийн улс орнуудад вакцин болон дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт урт хугацаанд үр дүнгээ үзүүлж өвчлөл, хүндрэл, нас баралтыг бууруулсаар байна.
Тухайлбал, Дэлхий дахинд сүүлийн 50 жилийн хугацаанд товлолт дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжсэнээр 154 сая хүнийг эндэхээс сэргийлсэн. Үүний 94 сая буюу 60% нь улаанбурхан өвчний улмаас эндэхээс сэргийлсэн, мөн нярайн эндэгдлийг багадаа 40% бууруулсан байдаг.
Гэвч, Нийгмийн сүлжээнд вакцины талаар худал ташаа мэдээлэл олширч иргэдийг төөрөгдүүлж байгаа тул Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэх, олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулж эхэлжээ. Эхний удаагийн сургалтад нийслэлийн Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, сургууль цэцэрлэгийн эмч, хороодын хэсгийн ахлагч, иргэдийн төлөөлөл 65 хүнийг хамруулж, гэрчилгээ олгов.
Эдгээр сургагдсан олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд өрх, хорооны түвшинд баг бүрдүүлж, иргэдэд вакцины талаар үнэн зөв мэдээлэл хүргэж, дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг гарган хэлэлцсэн ач холбогдолтой сургалт боллоо.
Цаашид нийслэлийн бусад дүүргийн олон нийтийн эрүүл мэндийн ажилтаныг үе шаттай бэлтгэж хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.
Манай улс 2023 онд Засгийн газрын тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж одоогийн байдлаар 13 халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 9 төрлийн вакцинаар 0-15 насны хүүхдийг дархлаажуулж байна. Ингэснээр манай улс халдварт саа өвчнийг устгаж, мөн сахуу, хөхүүл ханиад, нярайн татран өвчин сүүлийн 20 гаруй бүртгэгдээгүй буюу хяналтанд авч, 5 хүртэлх насны хүүхдийн дунд зонхилон тохиолддог А вируст гепатитын өвчлөл вакцинаар сэргийлсэнээс хойш эрс буурсан зэрэг үр дүнгүүд гарсаар байна.









