Хоёрдугаар эмнэлэг “MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO-2025” үзэсгэлэнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах дурангийн тоног төхөөрөмжийг танилцуулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дэмжлэгийн дүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.
Тэгвэл тус эмнэлэг “MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO-2025” олон улсын үзэсгэлэнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах дурангийн тоног төхөөрөмж болон шинээр нэвтрүүлсэн дэвшилтэд тусламж үйлчилгээгээ олон нийтэд танилцуулан оролцож байна.
Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр хэлсэн үгэндээ Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь удаагийн дурангийн мэс заслыг энэ онд амжилттай хийсэн. Өнөөдрийн байдлаар амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нийт 10 тохиолдолд хийсэн бөгөөд үүний 5 мэс заслыг манай эмнэлэг дээр хийгээд байна.
УХТЭ-ийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах, робот мэс засал нэвтрүүлэх, 2028 он гэхэд 50 мэс засал хийж, улмаар амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөөд байна." гэдгийг энэ үеэр онцоллоо.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO-2025”-д оролцож буй УХТЭ-ийн баг хамт олны тоног төхөөрөмжтэй танилцлаа.
Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ашиглалтад орсон Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах багийн хамт олон богино хугацаанд маш их ажлыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай нэвтрүүлэхээс гадна донороос элэг тайрах мэс заслыг дурангийн аргаар хийж эхлүүлсэн нь олон донорт ач холбогдол өндөртэй эмчилгээ болсон. Цаашид олон шинэ техник, технологийг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлж ажиллахыг хүсье." хэмээлээ.









