Нэгдүгээр эмнэлэг “Эрүүл мэндийн технологи-2025” олон улсын үзэсгэлэнд дэлхийн жишигт нийцсэн тоног, төхөөрөмжөөр оролцож байна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрүүл мэндийн технологи-2025” олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “UG arena”-д боллоо.
26 дахь удаагийн “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2025” олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр, УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, Улсын Хоёрдугаар эмнэлгийн Ерөнхий захирал Э.Анхбаяр болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.
Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн 22, эмнэлэг,эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх 130 орчим байгууллага оролцож байна.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн энэ үеэр эмнэлгээс үзэсгэлэнд оролцож буй зарим бүтээлийг танилцуулсан юм. Тэрээр “Эрүүл мэндийн технологи” үзэсгэлэнг 26 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ онд манай эмнэлгийн түүхт 100 жилийн ой тохиож байна. Бид энэ хүрээнд олон шинэ технологийг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Үүний нэг нь Монгол Улсын эмнэлгийн салбарт анх удаа эмийн ухаалаг системийг нэвтрүүлж байна. Энэ системийг нэвтрүүлснээр эмийн хадгалалт, эмийн тохироо, савлалт бүгд автомат болж байна. Ингэснээр иргэдийн аманд орж буй эм аюулгүй, чанартай, стандартад нийцсэн гэдэгт итгэл төгс байж болно." гэдгийг онцоллоо.
УНТЭ-ийн Эм зүйн албаны дарга С.Уянга:
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэг чухал хэсэг нь эмийн тусламж, үйлчилгээ байдаг. Үүнд эмийн чанар, аюулгүй байдал маш ихээр яригддаг. Эмийн чанар, аюулгүй байдал нь хадгалалт, тээвэрлэлтээс л эхэлдэг. Тэгвэл УНТЭ нь дэлхийн жишигт нийцэх эмийн төхөөрөмжийг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Тус тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эмийн хугацаа дуусахыг хянах, үйлдвэрлэгчийн заавраас ирсэн хадгалах горимд хадгалах, нөөцийн удирдлагаа хийх боломжтой болсноос гадна нэгж тунгийн машины тусламжтайгаар харилцан нөлөөлөлтэй эмийг хооронд нь савлах боломжтой юм. Товчоор хэлбэл уг төхөөрөмжийн тусламжтайгаар эмч, эм зүйч, сувилагч нарын үйл ажиллагааг хөнгөвчлөхөөс гадна нэгдүгээр эмнэлэгт хэвтэж буй иргэдэд зөв, аюулгүй эмийг олгох боломж нээгдсэн гэсэн үг юм.
Үзэсгэлэнгийн үеэр:
- Олон улсын болон дотоодын +130 байгууллагууд
- Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэд технологи
- Эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн шинэ эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж
- Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн
- Үзлэг, оношилгоо
- Сургалт, хэлэлцүүлгүүд
- Бизнес уулзалт
- Хамтын ажиллагааны шинэ боломжууд
- Шинэлэг бүтээгдэхүүнүүдтэй газар дээр нь танилцах боломжтой юм.









